Monday, June 24, 2013

17. Винсент Ван Гог (Vincent van Gogh)



"Амьдрах, ажиллах болон хайрлах гэдэг нь үнэн чанартаа нэг л зүйл юм"



XIX зууны эцсээр зураачид уран зураг дээр шинэ арга замыг хайж байлаа. Тэдгээрийн нэг нь голландын Винсент Ван Гог байсан юм. Урлагт арван жил эрчимтэй ажиллах хугацаандаа тэр агуу их өвийг үлдээжээ.
Ван Гогийн дүрслэх арга барилын онцлог нь өтгөн, цэвэр будгийн хослолд үндэслэсэн өнгөнүүдийг гайхалтайгаар ашигладаг байсан явдал байв. Гараа сунгаад хүрмээр санагдах наргил модод, цэцэрлэг, тариан талбай, наранцэцэг болон цэгцүүхэй, Провансын улаан тэнгэрт эргэлдэх үүлс, одод гялалзсан оройн тэнгэр доорх Арлын кафе, хүнд хүчир хөдөлмөрт нухлагдсан тариачин - энэ бүгд зураачид гүнзгий, бараг шашны маягийн мэдрэмж төрүүлдэг байжээ...
Ван Гогийн түүх гайхалтай бөгөөд эмгэнэлтэй юм. Түүний амьдрал толгой эргэм нислэг, аймшигтай уналтуудаар дүүрэн байв. Ганцаардалтайгаа хийсэн тэмцэл түүнийг өвчин болон үхлийг авчирсан ба Ван Гогийн бүтээлүүдийг түүнийг амьд байхад хэн ч хүлээж аваагүй юм.
Ван Гогийн бүтээлүүд зөвхөн уран зурагт ч биш уран зохиол, театр, хөгжмийн урлагт маш том нөлөө үзүүлсэн. Алдар нэр түүнд нас барсных нь дараа ирсэн бөгөөд одоо түүний зургуудыг хамгийн өндөр үнээр худалдан авч байна.
Алдарт зураачийн амьдрал ямар байв?

Saturday, June 22, 2013

Сүхбаатар аймаг дахь ШУТИС-ийн Технологийн сургууль



Technology Institute at Mongolian University of Science and Technology, Sukhbaatar aimag, Baruun-urt, Mongolia

Ухаалаг утсан дээрх бариул (handle)

Компьютер дээр текст сонгоод хуулж, буулгадаг үйлдлийг ухаалаг утсан дээр хийж болдоггүй юм байх даа гээд жаахан "ухав". Тэгсэн чинь миний Samsung Galaxy S2 утсан дээр л лав ийм "бариул" гарч ирдэг байсан юм байна.



Би өөрөө л энэ юу гараад ирэв гээд буцах товчоо дараад байснаас биш их л хэрэгтэй эд байж. Тэгээд л энэ хоёрыг нааш цааш нь чирээд сонгосон текстээ ихэсгэж багасгаж болдог юм байна. Харин эдгээр "бариул"-ыг гаргаж ирэхийн тулд сонгох гэж байгаа текст дээрээ удаан дарах хэрэгтэй.

16. Юрий Гагарин (Yuri Gagarin)



"Хүн юунаас хамгийн их баяр баясгаланг мэдэрдэг вэ? Өөрийн эзэмшсэн орон зайг ихэсгэхэд оролцохоос."



XX зууны сүүлийн хагаст капиталист болон социалист орнуудын хооронд хүйтэн дайн явагдаж байлаа. Хоёр лагерийн тэргүүлэгч улс болох АНУ, ЗХУ хоёр өөрийн нийгмийн байгууллын давуу талыг хүний үйл ажиллагааны бүхий л салбарт үзүүлэхээр улайрч байв. Сансар огторгуй харин үүнийг харуулахад хамгийн үзүүштэй, үр дүнтэй салбар байлаа. Иймд 1950-аад оны үед уг хоёр улс өрсөлдөгчөөсөө түрүүлж сансарт хүнээ илгээхээр уралдаж байлаа. Зөвлөлт улс энэ уралдаанд Америкийг түрүүлсэн ба хамгийн анх дэлхийн татах хүчийг ялсан хүн нь Юрий Гагарин болсон юм. Энэ үйл явдал 1961 оны 4 сарын 12-нд болжээ.
Олонд танигдаагүй байсан нисгэгч бүх ертөнцөөс ирсэн урьд өмнө үзэгдээгүй алдар нэрд дарагдсан байна. Үүнтэй зэрэгцэн тэрээр Зөвлөлт улсын эдийн засгийн болон оюун ухааны хүчин чадлын амьд бэлэг тэмдэг болон хувирсан ба өөрийн богинохон амьдралыг дуустал энэ хүнд дүрд тоглох ёстой болжээ.
Тэр алдар нэрийг тэсч, өөрөөрөө үлдэж чадсан болов уу?

Friday, June 21, 2013

Фенвикийн мод

Практик дээр динамикаар өөрчлөгддөг өгөгдлүүдтэй ажиллах шаардлага их гардаг. Фенвикийн мод нь байнга өөрчлөгдөж байж болох массивын дурын хэрчим дээрх хэсэгчилсэн нийлбэрийг олох хүсэлтэд хангалттай хурдан хариу өгдөг өгөгдлийн бүтэц юм.
N тооны элементтэй А массив өгөгдсөн байг: A0, A1, ..., AN-1. Фенвикийн модон дээр дараах хоёр үйлдлийг гүйцэтгэдэг:
rsq(i,j) – А массивын i-р болон j-р элемент дээр төгсгөлтэй хэрчмийн бүх элементүүдийн нийлэрийг буцаах (rsq гэдэг нь range sum query гэсний товчлол юм);
update(k,d) – A массивын k-р элемент дээр d тоог нэмэх.
rsq(i,j)-г энгийнээр зохион байгуулахад O(j-i+1) буюу O(N) хугацаанд, update(k,d) үйлдэл O(1) хугацаанд ажиллана. rsq(i,j) – ийн хувьд давталтаар өгөгдсөн хэрчим дэх элементүүдийг нэмэхэд хангалттай ба update(k,d)-ийн хувьд k-р элемент буюу Ak-г өөрчилнө.
Харин rsq(i,j) хэлбэрийн хангалттай олон тооны хүсэлт ирж байгаа тохиолдолд энгийн хэрэгжүүлэлт нь тийм ч их хурдан ажиллахгүй ба учир нь хүсэлт бүрийг массивын уртаас шугаман хамааралтай хугацаанд гүйцэтгэх болно.
Фенвикийн модыг ашиглан энэ хугацааг нэлээн багасгаж болно. Учир нь дээрх хоёр үйлдлийг хоёуланг нь O(log N) хугацаанд хийх боломжтой юм.

Thursday, June 20, 2013

15. Че Гевара (Che Guevara)



"Бид эцсийн тулааныхаа байрлалыг давтаж байгаа юм биш.
Бид амьдралд хайртай, түүнийг хамгаалсаар байх болно."




Коммунизмын тухай ойлголт хүн төрөлхтөн үүссэн цагаас л байсан ажээ. Нийтийн эрх ашгийн төлөө тэмүүлж, ойр дотныхондоо бүгдийг зориулахаас сайхан зүйл юу байх билээ? Гэхдээ энэ нь "ойр дотныхон" нь мөн ийм үзэл санаатай байх үед л боломжтой юм. Амьдрал дээр эрх мэдэл болон баялагтай болсон хүмүүсийн ихэнх нь ядуустай түүнийгээ хуваалцах хүсэлгүй байдаг. Үүнээс гадна ядуу байсан хүмүүс эрх мэдэл, баялагтай болонгуутаа ихэвчлэн өөрсдийн хэн байсныг дор нь мартдаг аж. Ийм хүмүүс нийтийн эрх ашгийн төлөө нэг их тэмүүлдэггүй ба харин хувьдаа ашиг олох зорилгоор аятайхан боломжийг бол ашиглаж орхидог.
Хувьсагалыг мөрөөдөгчид бодож олоод, зоригтой хүмүүс хэрэгжүүлж, харин түүний үр шимийг хажуугийн хүмүүс хүртдэг гэж эртнээс ярьж иржээ. Харамсалтай нь энэ үг үргэлж биелсээр ирсэн юм.
Хэдийгээр ийм боловч ядуурал, хууль цаазгүй, худал хуурмаг байдал ноёрхсон нийгэмд жинхэнэ коммунизмийг байгуулахыг хүссэн хүмүүс дахин дахин төрсөөр байдаг. XX зууны дунд үеийн дэлхийн коммунизмийн хөдөлгөөний хамгийн тод төлөөлөгч болох Эрнесто Че Гевара богинохон боловч сайхан амьдралыг туулжээ.
Энэхүү домогт "коменданте" ямар хүн байв?

Wednesday, June 19, 2013

Фенвикийн мод (Fenwick Tree) ашиглан бодох бодлого

IOI 2001 Mobile

14. Томас Эдисон (Thomas Alva Edison)



"Шинэ санааны үнэ цэнийг ашигтай байдлаар нь тодорхойлдог"



Улайсах ламп, агаарын кондиционер, телевиз, компьютер... Орчин үеийн амьдралыг төрөл бүрийн цахилгаан төхөөрөмжгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Харин цахилгааныг бид зуу гаруй жилийн өмнөөс л ашиглаж эхэлсэн билээ. Эхний цахилгаан төхөөрөмжүүдийг мэргэжлийн физикчид биш бие даасан зохион бүтээгчид бүтээсэн байдаг нь сонирхолтой юм. Томас Эдисон ийм хүмүүсийн хамгийн том төлөөлөгчдийн нэг билээ.
Тэрээр орчин үеийн электроникийн үндэс болсон улайсах ламп, фонограф, кинетоскоп зэргийг зохион бүтээсэн юм. Харин Эдисон зөвхөн зохион бүтээгч байсангүй. Бизнест бас авъяастай байсан тул бүхэл бүтэн судалгааны төвийг зохион байгуулж, дараа нь "Эдисон Женерал Электрик" гэх мэт хэд хэдэн компанийг үүсгэсэн байна. Ингэснээр тэр өөрийн зохион бүтээсэн төхөөрөмжүүдийг олноор нь үйлдвэрлэх боломжтой болжээ. Иймд түүнийг XX зууныг "бүтээгчдийн" нэг гэж үзэж болох юм.
Эдисоныг багадаа маш хэцүү, "усан тэнэг" хүүхэд байсан боловч тэрээр өөрийн үеийнхээ гүйцэж түрүүлэн дэлхийг хувиргасан шинжлэх ухаан-технологийн дэвшлийг авч ирэгсдийн нэг болсон байна.
Тэр яаж энэ бүхнийг хийж чадсан юм бол?

Хуванцар сав хүлээн авах машин (Reverse Vending Machine)

Манайд хуванцар сав тушаадаг хүмүүсийг доод давхаргынхан гэж үзэх нь бий. Харин гадаадад дэлгүүрт нь хуванцар сав хүлээн авах машин байдаг ба хэн ч тийшээгээ хуванцар лонх тушааж болдог. Тэдгээр нь тухайн дэлгүүрээс бараа авч болох тасалбар (ваучер ч гэх үү?) өгдөг юм.

Tuesday, June 18, 2013

13. Зигмунд Фрейд (Sigmund Freud)



"Зүүд бол бодит байдлын тусгал юм. Харин бодит байдал бол зүүдний тусгал"



Дахин сэргэлтийн үеэс эхлэн эрчимтэй хөгжсөн шинжлэх ухаан XIX зууны эцсээр бараг бүх салбартаа мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн байлаа. Гэвч эрдэмтдийн судлаагүй нэг зүйл үлдсэн байсан нь хүний сэтгэл байсан юм.
XX зууны эхэнд Вена хотын сэтгэлзүйч-эмч Зигмунд Фрейд хүний ухамсрын агуу том, харанхуй ертөнц рүү гэрэл тусгах арга олж чаджээ. Түүний энэ оролдлого амар хялбар биш байлаа. Эхний үед Фрейдийн шинэ аргыг шинжлэх ухаанд тооцож хүлээж авахгүй байв. Тэр үед түүнийг зөвхөн дайснууд нь биш өөрийн шавь нар нь ч шүүмжилж байлаа.
Гэвч орчин үеийн сэтгэл судлалын үндэслэгч нь Фрейд байсан юм. Түүний үзэл санааг хүлээн авдаггүй сэтгэлзүйчид хүртэл өөрсдийнхөө аргыг Фрейд болон түүний талынхантай маргалдсаны ачаар гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог.
Харин энэ хүний хувийн амьдрал ямар байв?

Friday, June 14, 2013

12. Архимед (Archimedes of Syracuse)



"Надад тулах цэг өг. Тэгвэл би дэлхийг эргүүлье!"



МЭӨ 287-212 он

Архимед бол эртний алдартай эрдэмтдийн нэг байлаа. Түүнийг математикч гэж үздэг боловч тэр үед одоогийнх шиг шинжлэх ухааны салбарууд хуваагдаагүй байсан юм. Ихэнх эртний эрдэмтэд төрөл бүрийн шинжлэх ухааныг судладаг байсан боловч тэдний дунд Архимед бүр илүү онцгой хүн байжээ.
Энэ хүний хийсэн ажлын талаар зөвхөн орчин үеийн нэвтэрхий толь дахь өгүүллийн тоогоор дүгнэлт хийхэд хангалттай юм: Архимедийн аксиом, Архимедийн хууль, Архимедийн спираль, Архимедийн шураг, Архимедийн биетүүд, Архимедийн хүч. Эдгээрээс гадна мөн олон зүйлүүд үлдэж байна. Түүний судалгаа зөвхөн математикийг ч бус физик, механик, одон оронг мөн хамарсан. Түүний зохион бүтээсэн зүйлсийг хөдөө аж ахуйгаас эхлээд цэрэг зэвсэг хүртэл хүн төрөлхтний үйл ажиллагааны төрөл бүрийн салбарт ашиглаж байна.
Тэр үеийн хүмүүс Архимедийг цаг хугацаанаасаа хэр их түрүүлснийг таамаглаж ч байгаагүй юм. Зөвхөн XX зууны эрдэмтэд л энэ грек хүн өөрийн үеэс 2000 гаруй жилийн дараах соёл иргэншлийг гайхуулж байгааг ойлгожээ.
Архимедийн өөрийн амьдрал ямар байв?

Олон улсын мэдээлэлзүйн анхны олимпиадын бодлогын бодолт

Олон улсын мэдээлэлзүйн олимпиадад (IOI - International Olympiad in Informatics) бэлтгэгчдэд зориулав. Аль нэг жил олон улсын мэдээлэлзүйн олимпиадад оролцох гэж байгаа сурагчид өмнөх жилүүдэд ирсэн бодлогуудыг бодсон байх шаардлагатай байдаг. Харин зарим хүүхдүүд юмыг бүүүүр эхнээс нь эхлээд нэг ч бодлогыг алгасалгүй бодох хүсэлтэй байдаг. Ийм хүүхдүүдэд зориулав.


(бодлогын арай хялбаршуулсан хувилбарыг http://www.spoj.com/CSMS/problems/IOI1989/ дээрээс үзэж болно)


2*n тооны нүд бүхий дараалал өгөгдөв (n<=5). Хоёр хөрш нүд хоосон ба бусад нүднүүдэд n-1 ширхэг А, n-1 ширхэг В тэмдэгтийг байрлуулсан. n=5 үеийн жишээ: |A|B|B|A| | |A|B|A|B| Нүүдлийн дүрэм. Дурын хоёр дараалсан нүдэнд байгаа тэмдэгтийг, эрэмбийг нь алдагдуулахгүйгээр хоосон нүднүүд рүү зөөж болно. Зорилго. Дээрх дүрмийг ашиглан бүх А тэмдэгтүүд бүх В тэмдэгтүүдийн зүүн талд гарсан байх байрлалд оруул. Хоосон нүднүүд хамгийн сүүлд хаана очих нь чухал биш. Даалгавар. Дараах үйлдлүүдийг гүйцэтгэх програмыг бич: А, В тэмдэгтүүд болон 0 (хоосон нүд) - ээс тогтох дарааллаар өгөгдөх байрлалыг гараас авна. Буруу байрлал өгөгдсөн тохиолдолд WRONG гэсэн гаралт гаргана. Өгөгдсөн анхны байрлалын хувьд зорилгодоо хүрэх ямар ч зам байхгүй бол "IMPOSSIBLE" гэж хэвлэнэ Зам байвал зорилгод хүрэхэд хамгийн цөөндөө хэдэн нүүдэл хийхийг заасан бүхэл тоог болон нүүдлүүдийг хэвлэнэ. Нүүдлүүдийн хувьд хоосон хоёр нүд рүү илгээгдэж буй дараалсан хоёр нүдний эхний нүдний дугаарыг хэвлэнэ. Бодолт (үзэх)


Thursday, June 13, 2013

2012-2013 оны хичээлийн жилийн Хаврын улиралд удирдаж төгсгөсөн бакалавр оюутнууд

1. ЖАМБАЛШОНУУ БАЯРЖАРГАЛ D.SW07D040 SaaS технологи ашигласан дунд сургуулиудын дүн бүртгэлийн веб Grade registration web portal for high schools based on SaaS
2. ӨЛЗИЙДЭЛГЭР ЭРДЭНЭБОЛД D.SW09D068 SaaS технологи ашигласан дунд сургуулиудын дүн мэдээлэх веб систем Grade information web site for highschools based on SaaS
3. БОЛД ДӨЛГӨӨН D.SW09D032 Андройд утсан дээрх зарын програм Advertisement manager software for Android

11. Чарльз Дарвин (Charles Darwin)



"Ямар нэг зүйлийн гарал үүслийг олж мэдэх хүслээсээ болж хүн нээлт хийдэг"



Бүх зүйлийг Бурхан бүтээгээд, түүнээс хойш огт өөрчлөгдөөгүй гэж үү? Эсвэл амьд биетүүд хугацааны урсгалд аажмаар өөрчлөгдсөөр ирсэн үү? XIX зууны дундуур эрт үеэс эхлэн олон зууны турш үргэлжилсэн маргаанд Чарльз Дарвин цэг тавьжээ.
Дарвин таван жилийн турш дэлхийг тойрон "Бигль" хөлгөөр аялсан байна. Тэгж явахдаа тэрээр Галапагос ольтригийн ялгаатай арлууд дээр байгаа ижил амьтад өөр өөр зүстэй байгааг ажиглажээ. Энэ нь залуу байгаль судлаачийг байгалийн шалгарлын тухай бодоход хүргэсэн байна. Дараа нь Дарвин өөрийн алдарт "Зүйлийн гарал үүсэл" номоо гаргажээ. Маш их маргаан дагуулсан энэ номондоо эрдэмтэн эволюцийн санааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлсон юм. Ингэснээрээ тэр үед баримтлагдаж байсан бүх амьд байгалийг Бурхан бүтээсэн гэдэг төсөөллийг няцаасан байна. Энэ нь Ньютоны нээлтээс хойш гарсан агуу том нээлт болжээ.
Харин энэ эрдэмтний өөрийнх нь тухай юуг хэлж болох вэ?

Wednesday, June 12, 2013

10. Кеннеди (John F. Kennedy)



"Эх орон чинь чамд юу өгч чадах талаар битгий асуу. Чи эх орондоо юу өгч чадах талаар асуу"

Жон Кеннеди



Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Баруун болон Зүүний хооронд тайвнаар сөргөлдөх үе эхэлжээ. Америкийн нэгдсэн улс тэргүүлэх капиталист улсын хувьд хүчтэй удирдагчтай болох шаардлагатай байв. Яг энэ үед тайзны голд Жон Кеннеди гарч ирсэн байна. Номхон далай дээрх байлдааны ажиллагааны баатар түүний хувьд улстөрийн ертөнцөд Америкийг хүчтэй байлгах талын үзэлтэйгээр орж иржээ. Америкийн 35 дахь ерөнхийлөгч болоод Кеннеди "шинэ хязгаарууд" гэж нэрлэгдэх хөтөлбөрийг дэвшүүлсэн байна. Ерөнхийлөгч байх хугацаандаа Вьетнамын дайн, Карибын хямрал, "Аполлон" хөтөлбөр зэрэг ямар ч хүнд байдалтай тулгарсан хүчтэй улстөрч гэдгээ харуулжээ. Кеннеди ард түмэндээ сайн сайхныг авчирч чадах орчин үеийн үлгэрийн америк "сайхан хаанхүү"-гийн дүр болж чадсан байна. Гэвч энэ үлгэрийг алуурчны сум тасалдуулсан ба үүний дараа маш олон асуултуудыг үлдээжээ. Гаднаасаа бол Кеннедийн хувь заяа маш сайхан байсан мэт санагдахаар байлаа. Харин үнэн хэрэгтээ ийм байж чадсан уу?

Tuesday, June 11, 2013

9. Галилей (Galileo Galilei)



"Ямар ч үнэн зүйлийг нээсэн хойно нь ойлгоход амархан. Хамгийн хэцүү нь тэднийг нээх л байдаг."



XVI зуунд Европт Шинэчлэл гэж нэрлэгдэх шашны хөдөлгөөн дэлгэрч байлаа. Уг хөдөлгөөн нь дундад зууны үед хүн болон Бурхны тухай бүх асуудалд дээд шүүх хэлбэрээр ажиллаж байсан харгис байгууллага болох Католик сүмийн эсрэг чиглэсэн байв. Дахин сэргэлтийн үед хүрсэн дэвшлүүд байсан боловч ромын папын амьдарч байсан Ватиканы байрлаж байгаа Италид шашны хуучин үзэл санаа хүчтэй ноёлсон хэвээрээ байлаа. Мөн энэ улсад нэрт эрдэмтэн-шинэчлэгч Галилео Галилей төржээ. Залуудаа Галилей лам болох гэж байсан боловч үүний оронд өөр, шинжлэх ухааны замыг сонгосон байна. Католик шашинтай байсан Галилей Бурхны бүтээсэн ертөнцийг ойлгох шинэ замыг бүтээхийг оролджээ. Гэвч тэрээр өөрийн эх орон нэгтнүүдийн зүрх, оюун ухаанд нөлөөлсөн сүмийн хүчийг дутуу үнэлсэн байна. Түүний найз, шүтэн бишрэгч байсан VIII Урбан пап лам нь түүнийг сүмийн номлолд харшилсан өөрийн үзлээ тараасан тэрс үзэлтэн гэж үзэн католикийн эрүү шүүлтэнд өгчээ. Гэвч Галилей сүмийн ноёлох байдалд үхлийн цохилт өгч чадсан байна. Түүнээс хойш олон нийтийн ертөнцийг үзэх үзэлд эрчимтэй өөрчлөлтүүд гарч эхэлжээ. Иргэний шинжлэх ухаанууд үүсч тэдгээрийн нэгний эцэг нь Галилео Галилей болжээ.
Энэ нэрт эрдэмтний амьдрал ямар байв?

Monday, June 10, 2013

8. Моцарт (Wolfgang Amadeus Mozart)



"Хөгжим надад нэвчсэн. Би хөгжмөөр дүүрэн байна"



Арван наймдугаар зуун бол эрх баригчид урлагийн сайхныг дэмждэг үе байлаа. Энэ зууны дундуур Австри улсад хөгжмийн суут төлөөлөгч мэндэлжээ. Энэ хүүгийн авъяас маш бага насанд нь илэрсэн ба бүх Европ түүний "тэнгэрийн хөгжмийг" шагшин магтаж байв.
Тэр хөгжмийг одоо болтол "мөнхийн" гэж нэрлэсээр байдаг. Гэвч тэр үеийн хүмүүс хөгжмийн зохиолчийн бүтээлийг зохих ёсоор нь үнэлээгүй юм. Тэрээр үе үе мөнгөгүй болж байсан боловч өөрийн сүүлийн өдрийг хүртэл бүтээлүүдээ туурвиж ирсэн ба сүүлд нь дэлхийн хөгжмийн урлагийн сор гэж хүлээн зөвшөөрөгдсөн байна.
Харин амьдрал дээр тэр ямар хүн байв? Түүний гэгээлэг хөгжмүүд нь түүний зан чанарыг харуулж байсан уу? Эсвэл Моцарт амьдрал дээр жирийн л нэг хүсэл мөрөөдөл, сул талтай хүн байв уу?

Wednesday, June 5, 2013

7. Чаплин (Charlie Chaplin)



"Амьдралыг томруулж харах юм бол эмгэнэлтэй, харин холоос харахад инээдэмтэй байдаг."



XIX зууны сүүлд үүссэн кино нь хорьдугаар зуун гэхэд эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. Энэ үед дуугүй киноны маш олон одод гарч ирсэн боловч "агуу дуугүй" ярьж эхэлсний дараа бараг бүгд дэлгэцнээс алга болжээ. Ганцхан од үлдсэн нь Чарли Чаплин байлаа.
Дуугүй киноны гурван том оддын нэг тэрээр уг чиглэлийг жинхэнэ урлагт илүү ойртуулж, дуутай кинотой хослуулж чадсан байна.
Дэлгэцэн дээр Чаплин үргэлж хошин шогийн жүжигчин байж дэлхийн бүх хүмүүсийг нулимсыг нь гартал инээлгэдэг байсан боловч амьдрал дээр бол хүүхэд насны эрт үед сэтгэлийнхээ гүнд үүссэн гунигт автсан огт өөр хүн байлаа. Үзэгчдийг шалан дээр унатал, нулимсыг нь гартал инээлгэн сайн сайхны төлөө найдварыг төрүүлдэг байсан энэ хүн үнэн хэрэгтээ хэн байв?

6. Ганди (Mahatma Gandhi)



"'Нүдний төлөө нүдийг нь' гэсэн зарчим бүх дэлхийг сохор болгоно"



XIX зууны төгсгөлд Энэтхэг улс британийн колони хэвээрээ байлаа. Колоничлогчид нутгийн ард түмнийг дуулгавартай байлгахын тулд цэргийн хүчийг ашиглаж байв. Энэтхэгчүүд ямар ч гарцгүй байдалд орсон мэт байлаа. Тэдний үндэстэн гэдэг утгаараа оршин байх утга алдагдсаар байв. Харин тэр үед тэдэнд эр зориг, эх орноороо бахархах сэтгэлийг нь сэрээж, эрх чөлөөнд хүрэх замыг зааж өгсөн нэг хүн гарч ирсэн байна. Тэмцэгчийн нугаршгүй эрч хүчтэй, өөрийн философийн зарчимдаа үнэнч энэ хүн эх орноо чөлөөлөх хөдөлгөөнийг толгойлж, хүчирхийллийн эсрэг хүч хэрэглэлгүйгээр тэмцэхийг уриалжээ. Түүнийг "Энэтхэгчүүдийн эцэг", Махатма Ганди гэдэг байлаа.
Тэр энгийн хувцас өмсч, эр зоригтой, шударга, үнэнч байсан ба бусдаас ч үүнийг шаарддаг байжээ. Энэтхэгийн өнцөг булан бүрээр явж хүч хэрэглэхгүй байх санааг тарааж явахдаа үргэлж эсрэг нь тэмцэж байсан зүйлийнхээ золиос болсон байна.
Ганди өөрийн ард түмнийг ямар амьдралаар амьдрахыг уриалж байв?

Monday, June 3, 2013

5. Шекспир (Shakespeare)



"Төрөхдөө бид хашгиран, тэнэглэлийн тайзан дээр гарч ирдэг"



I Елизаветын (1558-1603) хаанчлалын үед Англи улс алтан үедээ оржээ. Энэ үе бол яруу найрагч, зохиолч Уильям Шекспир хэмээх уран зохиолын болон театрын ертөнцийн хурц шинэ од гарч ирсэн гэдгээрээ онцлогтой юм. Тэрээр дэлхийн театрын урлагийн хөгжлийн цаашдын хувь заяаг голчлон тодорхойлсон байна. Цаг үе болгон түүний шүлгүүдээс шинэ утга санааг олж байдаг. Шекспирийн бүтээлүүд нь алдартай жүжигчид, найруулагчид, зураач, хөгжмийн зохиолч болон зохиолчдын хувьд онгодынх нь дуусашгүй эх булаг юм. Шекспир дэлхий дахинд алдартай байсан боловч утга зохиолын ертөнцийн хамгийн нууцлаг хүмүүсийн нэг байсан. Мартагдашгүй бүтээлүүдийн зохиолчийн тухай маргаан одоог хүртэл үргэлжилсээр байдаг.

Saturday, June 1, 2013

4. Македонийн Александр (Alexander the Great)



"Зевс Олимпын эзэн. Бусад нь минийх."



МЭӨ 356-323

Хорин насандаа жижиг улсын хаан болсон Македонийн Александр гучин насандаа агуу том гүрнийг захирч байв. Өөрийгөө бурхнаас илгээгдсэн гэдэгт итгэдэг байсан түүнийг амьд байхад нь домог болгон ярьдаг байжээ. Александр өөрийн байлдан дагуулалтаараа гурван тивийн соёлыг агуулсан онцгой уламжлал үүсэх хөрсийг үүсгэсэн юм.Ялагдашгүй Александрын дүр дараагийн үеийнхэнд нь үлгэр жишээ болж байсан бол түүний дараалсан ялалтуудын нууцыг тайлах гэж эрдэмтэд тархиа гашилгадаг байна. Александр залуу наснаасаа эртний Грекийн домгийн баатруудтай алдар нэрээрээ өрсөлдөж ирсэн бол амьдралынх нь төгсгөлд түүнийг амьд бурхан хэмээн өргөмжилжээ.