Showing posts with label 100. Show all posts
Showing posts with label 100. Show all posts

Friday, May 15, 2015

76. Жон Рокфеллер (John Rockefeller)



"Эд баялаг бол агуу их ивээл эсвэл агуу их хараал юм"



Газрын тос - энэ үнэт бодисгүйгээр оршин тогтнож чадахаа байсан одоо үеийн хувьд "хар алт" гэж нэрлэгддэг. Газрын тосны салбар бол одоогийн соёл иргэншлийн нэг гол тулгуур билээ. Түүний түүхийн эхний хуудсан дээр анх XIX зууны эцсээр америкийн Пенсильвани мужид яаж анхны газрын тосны цооногийг өрөмдсан тухай гардаг. Анх газрын тосны олборлолтыг найдваргүй бизнес гэж үзэж байсан боловч удалгүй тэр нь тун удалгүй дэлхий дээрх үйлдвэрлэлийн хамгийн ашигтай салбар болсон юм. Энэ салбарын үүсэлд америкийн үйлдвэрлэгч Жон Рокфеллер асар их үүрэг гүйцэтгэжээ.
Тэрээр өрсөлдөгчдөө хайр найргүй замаасаа зайлуулсаар дэлхийн бизнесийн тэргүүлэгчдийн эгнээнд эргэлт буцалтгүйгээр гарч ирсэн. Зарим хүмүүсийн хувьд Рокфеллер аймшигтай, өрөвдөх сэтгэлгүй хүн байсан бол заримынх нь хувьд тэрээр хандивын ажилд үлгэрт гардаг шиг их хөрөнгө өгч байсан буянтан байсан юм.

Sunday, April 5, 2015

75. Тереза эх (Mother Teresa)



(1910-1997)

"Зүтгэхийн тулд гараа, хайрлахын тулд зүрхээ өг"



Тереза эх - цагаан сари, хуучин сандалаараа төвөггүй танигддаг тэрээр мянга мянган хүмүүсийн хувьд жинхэнэ сахиусан тэнгэр нь болж байлаа. Сайн санаат гэлэнмаа эд баялаг, нэр хүндэд тэмүүлдэггүй, харин өөрийн ганц зорилгоо өвчтэй, сул, дарлагдсан нэгэнд туслах гэж тодорхойлжээ. Түүний хувьд хүний үндэстэн, шашин болон нийгмийн ялгаа чухал бус байсан ба хүн бүрийг Бурхны хүүхдүүд гэж нэрлэн хайрлаж, амьдралыг нь аварч байлаа. Түүнийг гэгээнтэн гэж өргөмжилсөн боловч тэрээр хүнийг эдгээдэггүй харин түүнд найдвар болон хайрыг хүртээдэг байсан нь ихэвчлэн жинхэнэ гайхамшиг болдог байжээ. Тереза эхийн гэрэлтсэн нүд болон сайхан инээмсэглэл нь Калькуттын ядуусын хорооллынхны ч, нэртэй улстөрчид, бизнесменууд, сүмийнхэн гэх мэт дэлхийн нэртэй хүмүүсийн ч сэтгэлийг хөдөлгөдөг байв. Тэрээр үргэлж "Өөрийгөө бусад хүмүүсийн төлөө зүтгэхэд зориулах нь л их баяр баяслыг авчирдаг" гэж хэлдэг байсан ба бүх амьдралынхаа туршид хэрэгцээтэй хүмүүст хайрыг тарааж зовлонг нь хуваалцсаар байжээ.

Tuesday, December 2, 2014

74. Ганнибал (Hannibal Barca)



"Тайван байдалдаа орсон улсыг зөвхөн зэр зэвсгийн дуу л сэрээж чадна"

(МЭӨ 247-183)



МЭӨ III зууны үед Газрын дундад тэнгисийн баруун хэсэгт Ромоос гадна Карфаген гэсэн хүчирхэг улс байжээ. Эдгээр улсууд ноёрхох байр суурийн төлөө урт удаан хугацааны, хатуу ширүүн дайныг эхлүүлсэн байна. Пунийн гэж нэрлэгдэх гурван дайн болж өнгөрчээ. Эцсийн эцэст Ромчууд тэмцэлд ялсан байна. Гэвч тэдний хойч үеийнхэн олон зууны дараа ч гэсэн Пунийн II дайны үед Ромын оршин суугчдад аймшиг төрүүлж байсан карфагены жанжин Ганнибалын тухай дурссаар байлаа. Ромынхны хувьд "Ганнибал гадаа ирлээ!" гэсэн үг нь хүмүүсийг асар их аюулаас сэрэмжлүүлэн, болгоомжтой байхыг анхааруулсан үг болон хувирсан байна.
Өөр нэг зүйл нь карфагены жанжны тухай зөвхөн ромын түүхчдийн бүтээлээс л олж уншиж болдог явдал билээ. Гайхалтай нь тэд өөрийн заналт дайсны тухай их л биширсэн, хүндэтгэсэн байдалтайгаар бичсэн байдаг юм.

Thursday, July 17, 2014

73. Жон фон Нейман (John von Neumann)



"Хэрэв хүмүүс математикийг энгийн гэдэгт итгэхийг хүсэхгүй байгаа бол энэ нь зөвхөн тэд амьдралын бүх нарийн түвэгтэй байдлыг ойлгоогүйг харуулж байгаа юм"

(1903-1957)



Пифагор, Евклид, Архимед, Коперник, Галилей, Ньютон, Паскаль нар олон зууны туршид орчин үеийн шинжлэх ухааны үндсийг тавьсан агуу нээлтүүдийг хийсээр ирсэн. Мэдлэгт тэмүүлэх хүний чин хүсэлд хөтлөгдсөн олон математикч, физикчид манай ертөнцийг өөрчилсөөр байгаа. Хорьдугаар зуун ертөнцөд ердийн сэтгэлгээний стандартаас илүү гарсан бас нэгэн агуу хүнийг илгээсэн нь Жон фон Нейман юм.
Өөрийн ер бусын оюун ухааны хүчээр энэ гайхалтай эрдэмтэн квант физик, квант логик, функцийн шинжилгээ, олонлогийн онол, мэдээлэлзүй, эдийн засаг, цаг уур болон шинжлэх ухааны бусад олон салбарт чухал хувь нэмэр оруулжээ. Фон Нейман шинжлэх ухааны дэвшилд агуулагдаж байгаа аюулыг хүлээн зөвшөөрөхгүй байж чадаагүй юм. Цөмийн зэвсэг бүтээх болон түүнийг өргөнөөр хэрэглэх нь засагдашгүй үр дүнд хүргэх билээ. Гэвч хөгжил дэвшил нийгмийн хөгжилд хэрэгтэй юм. Жон фон Нейман алдар нэрийн төлөө хөөцөлдөггүй тул ихэвчлэн өрсөлдөгчдийнхөө "сүүдэрт" үлддэг байжээ.

Thursday, July 10, 2014

72. Гамаль Абдель Насер (Gamal Abdel Nasser)



"Бие дааж шийдвэр гаргах чадваргүй хүн өөртөө тусалж чаддаггүй"



XIX зууны эхээр албан бусаар Османы эзэнт гүрэнд хамаарч байсан Египет улс үнэндээ Их Британиас хамааралтай байв. Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны дараа уг улс тусгаар тогтнолоо олж авсан боловч энэ нь жинхэнэ биш байлаа. Улсын удирдлагыг англичууд эзэмшин тоглоомын засгийн газраар дамжуулан Египтийг удирдаж байв. Тэдний гарт колоничлогчдод асар их орлого авчирч байсан Суэцийн суваг байсаар байлаа.
Зөвхөн XX зууны дундуур л энэ байдалтай эвлэрэхийг хүсээгүй египтийн армийн хэсэг залуу офицерууд цэргийн эргэлт хийж улсдаа жинхэнэ тусгаар тогтнолыг авчрахыг оролдсон байна. Тэднийг чадварлаг улстөрч Гамаль Абдель Насер толгойлж байлаа. Тэрээр их гүрнүүдийн хоорондын маргааныг ашиглан Суэцийн сувгийг улсын өмч болгож чадсан юм. Түүний энэ амжилт египтийн бүх үндэстнийг сэрээж, арабын нэгдсэн улсыг байгуулах зорилго бүхий арабын социалист хөдөлгөөнийг амь оруулжээ.
Насер энэ зорилгыг биелүүлж чадаагүй боловч ирээдүйд арабууд энэ оролдлогоо давтвал египтийн ерөнхийлөгчийн нэр шинэ улсын бэлэг тэмдэг болж болох юм.

Tuesday, July 8, 2014

71. Жанна д'Арк (Joan of Arc)



"Хэрэв хүмүүс Бурхны дуу хоолойг сонсох чадвартай болчихвол тэд аврагдах болно!"



XV зууны эхээр Франц болон Англи улсууд дайтаж байв. Тэр дайн 50 жилийн турш үргэлжилсээр байсан боловч хаан ширээ болон газрын талаарх маргаанаа шийдэж чадахгүй, төгсгөлгүй өш хонзонд хутгалдан орсон байлаа. Энэхүү цус асгаруулсан зөрчлүүдийг түүхэнд Зуун жилийн дайн гэж нэрлэжээ.
Цөхрөлд гүнзгий автсан Франц улсыг зөвхөн гайхамшиг л аварч чадах мэт санагдаж байв. Тэгээд тэр гайхамшиг нь гарч ирсэн байна: өөрийн зовж зүдэрсэн эх орондоо туслахаар Бурхны дуу хоолойг сонсдог гэх тосгоны энгийн нэг бүсгүй иржээ. Жанна д'Арк зөвхөн армийг толгойлоод зогсоогүй цэргүүдэд ялалтанд итгэх итгэлийг өгч байв. Түүний хажууд байснаар цэргүүд Бурхныг мэдэрч, урагш давшдаг байжээ. Өөдгүй урвалт болон хов жив түүнийг үхэлд хүргэсэн боловч одоог болтол түүнийг гэгээн, ариун үйл бүтээгчийн дүрээр л дурсдаг юм.

Tuesday, June 24, 2014

70. II Александр (Alexander II of Russia)



"Хамжлагат ёс өөрөө доороосоо устаж эхлэх цагийг хүлээснээс дээрээс нь устгаж эхэлсэн нь дээр"



Орос улс сүүлийн хэдэн зууны турш хурдацтай хөгжиж буй Барууныг гүйцэн түрүүлэх оролдлогуудыг хийсээр иржээ. Зарим үед хоцорсноос болж улс орных нь оршин тогтноход ч аюул учирч байв. Иймэрхүү байдал XIX зууны дунд үед үүссэн ба Крымийн дайнд ялагдсаныхаа дараа оросын шинэ хаан II Александр шийдвэртэй өөрчлөлтүүдийг хийх шаардлагаай болсон байна.
Түүний хийсэн шинэчлэлүүд дотроос хамгийн чухал нь Оросын нийгэм-эдийн засгийн болон соёлын хөгжлийг хоёр гурван зуунаар чөдөрлөсөн хамжлагат ёсыг халсан явдал байлаа. Тэр үеийн нийгмийн амьдралын ийм гүнзгий асуудлаар оролдох нь амаргүй байсан боловч II Александр энэ хариуцлагатай алхмыг хийхээс айгаагүй юм.
Гэвч түүний хийсэн шинэчлэлүүд хуучинсаг шинж чанартай байсан тул хүн амын үндсэн хэсгийн байдлыг сайжруулаагүйгээр барахгүй шинэ, хүнд асуудлууд урган гарч иржээ. II Александр тэднийг бүрэн шийдэж чадсангүй. Үр дүнд нь хувьсгалын аллагын золиос болсон байна. Үүгээр шинэчлэл зогссон ба Оросын цаашдын хувь заяанд онцгой нөлөө үзүүлжээ.

Sunday, June 22, 2014

69. Жорж Вашингтон (George Washington)



"Хүн өөрийгөө агуу үйл хэрэгт зориулж байгаа тэр хэмжээгээрээ өөрийн ажлаасаа хамгийн их аз жаргалыг авч байдаг"

(1732-1799)



XVII зууны эхээр англикан сүмийн болон английн засгийн газрын мөрдлөгөөс зугтсан хэсэг хүмүүс "Мэйфлауэр" загасчны гурван шурагт далбаат хөлгөөр Шинэ Ертөнцөд иржээ. Олж авсан эх орондоо эдгээр цагаачид эзгүй газрыг боловсруулах ажлыг хийн өөрийн колонио өргөтгөж байлаа.
Эдгээр анхдагчдийн удам болох англи гаралтай боловч америк сэтгэлтэй Жорж Вашингтонд Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцлийг толгойлж, дэлхий дээрх анхны ардчилсан улсыг үүсгэх хувь заяа ноогджээ. Түүнийг нас барснаас хойш 200 орчим жилийн дараа ч америкийн ард түмэн анхны ерөнхийлөгчөө Америкийн Нэгдсэн Улсыг үүсгэн байгуулагч-эцэг хэмээн хүндэтгэсээр байна.

Friday, June 20, 2014

68. Араб Лоуренс (Lawrence of Arabia)



Арабын Лоуренс (1888-1935)

"Би төв гудамжаар давхих машинууд дундуур сүлжин явж байгаа шаламгай явган зорчигчтой адилхан"



Томас Эдвард Лоуренс өөрийн үеийнхээ хамгийн маргаантай, нууцлаг хүмүүсийн нэг байсан юм. Найзууд нь түүнийг "энэ ертөнц дээрх гайхамшигт зүйлүүдийн дотроос хамгийн гайхамшигтай үзэгдэл" гэж нэрлэдэг байсан бол дургүй хүмүүс нь түүнийг өөрийн зорилгоо зөв тодорхойлж чаддаггүй, туршлагагүй хүн гэж нэрлэж байв. Нэрт тагнуулч өөрийгөө товчхоноор "Маш хэцүү хүн" гэж хэлсэн байдаг. Английн сурвалжит хүний хууль бус хүү, багаасаа эртний ертөнцөд сонирхолтой болсон тэрээр археологкийн багийн бүрэлдэхүүнд орж дэлхийгээр аялан, дэлхийн мянга мянган жилийн түүхтэй танилцахыг хүсдэг байжээ. Лоуренсийн хүсэл биелсэн мэт байсан боловч түүний хувь заяа арай өөрөөр эргэжээ...
Английн залуу археологич, офицер, арабуудын тусгаар тогтнолын төлөө тэмцлийг дэмжигч түүнд Ойрх Дорнодын төлөө хийсэн ажлынхаа төлөө энэ нэрийг өгчээ. Тэр баатар хүн байсан уу? Эсвэл зөвхөн "арабын асуудлыг" өөрийн ашиг сонирхолдоо ашигласан ашиг хонжоо хөөгч байв уу? Алдарт тагнуулчийн тодорхойгүй байдал нь одоог хүртэл түүнийг дэмжигчид болон эсэргүүчэгдийн сонирхлыг татсаар байгаа ба түүний тухай ном бичиж, кино бүтээцгээсээр байна.

Thursday, June 19, 2014

67. Ричард Никсон (Richard Nixon)



"Та эрсдлээс зайлсхийдэг бол алдахгүй байж чадна. Гэхдээ эрсдлээс зайлсхийснээрээ та амжилтанд хүрч чадахгүй"



XX зууны сүүлийн хагас гэхэд Америкийн Нэгдсэн Улс дэлхийн хүчирхэг гүрэн болсон тул энэ улсын тэргүүний үүргийг гүйцэтгэж байгаа хүний шийдвэр нь дэлхий дээрх сая сая хүний хувь заяанд гүнзгий нөлөө үзүүлж байлаа.
Тэдний нэг нь Ричард Никсон байсан юм. Тэрээр 1968 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан ба түүнээс хойш Вьетнамд болж байсан үр дүнгүй, хүч барагдуулсан, удаан хугацаанд үргэлжилсэн дайны улмаас эдийн засгийн болон улстөрийн байдал нь хурцадсан энэ агуу том улсыг таван жил хагасын турш удирджээ.
Улстөрийн гал, усыг бүгдийг нь туулж үзсэн туршлагатай хүнийхээ хувьд Никсон өөрийн үйл хэрэгтээ цэвэр практик ач холбогдлыг баримталсан талыг барьдаг байв. Үүнийхээ ачаар тэрээр Хятад болон ЗХУ-тай улстөрийн харилцаагаа сэргээж, "олон улсын төвөгтэй байдлыг намжаадаг архитекторуудын" нэг болсноос гадна Вьетнам дахь дайныг зогсоож чадсан юм.
Гэвч "Уотергэйтийн хэрэг" дээр хэт шулуун бодлого баримталснаас болж хугацаанаасаа өмнө огцорсон байна.

Wednesday, June 18, 2014

66. Шарль де Голль (Charles de Gaulle)



"Франц улс юу гэж бодож байгааг мэдэх хэрэгтэй үед би энэ асуултыг өөрөөсөө асуусан"



Дэлхийн хоёрдугаар дайны үед, эзлэгдэн суларсан Франц улсад хүчтэй, олны сэтгэлийг татсан, хүмүүст фашизмаас ангижрах найдварыг өгч чадах хүн хэрэгтэй байх үед эх орондоо туслахаар Шарль де Голль гарч иржээ. Францчууд одоог хүртэл түүнийг эх орноо аврагч гэж үзэн зүгээр л "генерал де Голль" гэж дууддаг байна. Үр дүнд нь хайрт Франц орныхоо ерөнхийлөгч болсон тэрээр Алжирийн тусгаар тогтнолын хүнд асуудлыг тууштайгаар шийдэрлэхдээ амиараа өдөр бүр дэнчин тавьж байжээ.
Ерөнхийлөгч Шарль де Голлийн эх оронч байдал нь түүний гадаад болон дотоод бодлого, Францын байдлыг бэхжүүлэн, улсдаа өмнөх үеийн сүр хүчийг нь авчирч, францын ард түмэнд өөрийн орноороо бахархах боломжтой болгох хүсэл гэх мэт бүх зүйлээр илэрч байлаа. Ийм зарчимч хүнд мэдээжээр олон дайсан байсан боловч де Голль өөрийн нугаршгүй чин зориг, тэвчээрийнхээ ачаар бэрхшээлийг даван туулж үргэлж урагш ахихыг хичээдэг байжээ.

65. Фeдор Достоевский (Fyodor Dostoyevsky)



"Гол санаагүйгээр хүн ч, үндэстэн ч оршин тогтнох боломжгүй юм. Харин дэлхий дээр ганцхан л гол санаа байдаг нь хүний сэтгэл санаа үхэшгүй мөнх байдаг тухай санаа юм."



Оросын сонгодог утга зохиол тус бүрийг эрдэмтэд дэлгэрэнгүй судлаж, агуулгыг нь үнэлээд нарийн ангилж, номын тавиурууд дээр өрчихсөн билээ. Эдгээр тавиурууд хэд хэдэн давхраас тогтох ба хамгийн дээд талын тавиур дээр "агуу" гэж нэрлэгдэх хүмүүсийн бүтээл байрладаг. Энд хэдхэн бүтээл л байгаа. Федор Михайлович Достоевский бол энэ тавиур дээр байрлах бүрэн эрхтэй зохиолчдын нэг юм.
Гэвч тэрээр энэ тавиур дээр үргэлж байсангүй. Тавин жилийн өмнө зөвлөлтийн утга зохиол судлаачид Достоевскийн бүтээлүүдийн дэлхийн түвшнийх гэдгийг хүлээн зөвшөөрөлгүйгээр түүнийг "хуучирсан", олон зүйлийг "ойлгодоггүй", жинхэнэ мөн чанарыг болон нийгмийн эволюцийн чиглэлийг авч үздэггүй зохиолчдын тоонд оруулсаар байв. Цаг хугацаа бүх зүйлийг зөв байранд нь оруулсан боловч Достоевскийн өвийг "дунд сургуулийн" музей хэлбэртэй болгосноор түүний уран сайхны ертөнцийн мөн чанарыг хүчтэй гажуудуулж, зохиолчийг музейн "үзмэр" болгосоор байна. Гэвч XXI зууны эхэнд ч гэсэн Достоевскийг мартаагүй л байгаа юм. Тэрээр олон зүйлийг зөгнөж, тааж, урьдчилан хэлсэн. Түүний зарим үгс гайхалтайгаар биелсэн ба бусад нь өөрийн цагаа хүлээсээр байна.

Monday, June 16, 2014

64. Саладин (Saladin)



"Намайг ойлгох гэсэн хүн цэцэн хүний ухааныг эзэмшсэн байх ёстой"



XI зууны сүүлээр загалмайтны аян дайны үе эхэлсэн байна. Баруун европын хүлэг баатрууд Ромын Пап ламын уриалгаар Палестин руу ирсээр байв. 1099 онд тэд Иерусалимыг эзлэн, лалын шашинтнуудаас Ариун Булшийг буцаан авчээ.
Гэвч наян найман жилийн дараа лалын шашинтнууд загалмайтнуудыг Ариун газраас хөөж чадсан байна.
Тэднийг Сири, Египтийн эзэн, султан Саладин толгойлж байв. Загалмайтнууд түүнээс айдаг байсан бол лалын шашинтнууд хүндэтгэдэг байжээ. Тэр сайн үйлс бүтээхийг хичээдэг байсан ба өөрийн гайхалтай амьдралын турш энгийн байдлыг эрхэмлэж байжээ. Бидэнд энэ сайн хүний тухай үлгэр домгийг үе дамжин ярьсаар ирсэн юм.

Sunday, June 15, 2014

63. Чарльз Линдберг (Charles Lindbergh)



"Тэнгэр, нислэг, адал явдалд яаж дурладгийг үгээр бичих аргагүй юм. Агаарт амьдрал үхэл хоёр ижил магадлалтай байдаг бол харин хүний боломж хязгааргүй юм"



Ах дүү Райтын аэропланаар хийсэн анхны нислэгээс хорин дөрвөн жилийн дараа, 1927 оны таван сарын нэгэн өглөө хэний ч танил бус нэгэн америк хүн Чарльз Линдберг "Spirit of St.Louis" жижиг онгоцоор Нью-Йоркоос францийн нийслэл орохоор Атлантын далайн хаа нэгтэй сураггүй болж дуусч мэдэх аялалдаа гарсан байна. Энэ гавъяаныхаа дараа Линдбергийн нэр дэлхий дахинд алдаршжээ...

Thursday, June 12, 2014

62. Николай Коперник (Nicolaus Copernicus)



"Эрдэмтэн үнэнийг хайхдаа Бурхнаас хүний оюун ухаанд олгосон боломжийн хүрээнд хайдаг"



Европын дахин сэргэлтийн үед өмнө нь тогтсон байсан төсөөллүүдийг няцаасан шинжлэх ухааны олон нээлтүүд гарсан. Эдгээрийн нэг нь польшийн эрдэмтэн Николай Коперникийн дэвшүүлсэн, эрт дээр үеэс хүмүүсийн бодож байсны эсрэгээр Дэлхий Нарыг тойрч эргэдэг гэдгийг харуулсан гелиоцентрийн онол юм.
Шинэ таамаглалын хувь заяа амаргүй байжээ. Эхний үед түүнийг хангалттай сайнаар хүлээн авцгаасан боловч хэдэн арван жилийн дараа католик сүм түүнийг буруу номлол гэж зарласан байна. Түүнээс хойш гелиоцентрийг дэмжигчдийг буруу номтон гэж үзэн эрүү шүүлт тулгах болжээ.
Николай Коперник өөрөө лам бөгөөд жинхэнэ католик шашинтан байлаа. Өөрийн Ертөнцийн загварыг байгуулснаар Сүмтэй зөрчилд орж байсан тул тэрээр итгэл үнэмшил болон шинжлэх ухааны хооронд "алтан дунджийг" олохыг хичээж байв. Түүний хувьд тэр хоёрын аль аль нь ижилхэн чухал зүйл байлаа.

Wednesday, June 11, 2014

61. Ататюрк (Mustafa Kemal Ataturk)



"Миний нэр хүнд болон алдар нэр бол зөвхөн миний ард түмний алдар нэр ба нэр төр юм."



XIX зууны эцэст нэгэн цагт агуу том, сүр жавхлантай байсан туркийн султануудын улс - Османы эзэнт гүрэн хүнд үеээ туулж байлаа. Тарж бутрах аюул тулгараад байсан энэ улсыг авъяаслаг цэргийн стратегич, улстөрч Мустафа Кемаль Ататюркийн хүч хөдөлмөрийн үр дүнд тусгаар тогтнолоо хадгалан үлдэж чадсан байна. Чөлөөт Турк улсын анхны ерөнхийлөгч болсныхоо дараа Ататюрк туркийн армийг хүчирхэгжүүлж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрхийг тэгшитгэн, шинээр латин цагаан толгойг нэвтрүүлэх гэх мэт тэр үедээ онцгойд тооцогдож байсан хэд хэдэн шинэчлэлүүдийг зоригтойгоор хийсэн юм. Шинэчлэгчийн хэлэх дуртай үг нь "Бидэнд ганц л зам бий. Тэр бол Европ" байв. Ататюрк өөрийн орны ёс заншлыг хадгалсан бөгөөд бараг Европын гэмээр иргэний нийгмийг байгуулж чадсан байна. Эдгээр өөрчлөлтүүдийг хийхэд хялбар байсангүй. Кемалийн бодлого нь ийм эрс өөрчлөлтүүдийг улсдаа сайн зүйл авчрахгүй гэж үздэг түүнийг эсэргүүцэгчид болон дайснуудын зүгээс шийдвэртэй эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Гэвч Ататюрк зоригтой, бие даасан хэвээр байсан ба өөрийн сонгож авсан замыг цорын ганц хэмээн үзэж түүн дээрээ баттай зогсчээ.

Friday, May 30, 2014

60. Никита Хрущев (Nikita Khrushchev)



"Та нарт таалагдах эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ түүх манай талд байгаа. Бид та нарыг булшлах болно"



Дэлхийн хоёрдугаар дайн сая сая хүний амийг авч одсон юм. Энэ аймшигтай гамшгийн дараа ялагчид болох ЗХУ болон барууны улсуудын хооронд "хүйтэн дайн" эхэлсэн юм. Энэ байдал хүндэрвэл дэлхийн шинэ дайн болох магадлал өндөр байв. "Их гүрнүүдийн" удирдагчдын буулт хийхэд бэлэн байдлаас олон зүйл хамаарч байлаа.
ЗХУ-ын шинэ удирдагч Никита Хрущев өөрийн үзэл санааны дайснуудтайгаа шууд холбоо тогтоож, бүрэн хэмжээний дайныг зогсоох механизмыг бүрдүүлж чадсан байна. Иосиф Сталины дараа гарч ирсэн тэрээр зоригтой шинэчлэгч болохоо харуулж өөрийн өмнөх удирдагчийнхаа нэр хүндийг шүүмжлэх гэсэн эрсдэлтэй алхмыг ч хийж байжээ. Хрущев орон даяар их хэмжээний өөрчлөлтийг хийж зөвлөлтийн сая сая иргэдэд ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн байна.
Гэвч түүний шинэчлэлүүд хагас дутуу, дэс дараалал муутай болсон ба үүний нэг гол шалтгаан нь түүний коммунизмыг хурдан байгуулах боломжтой гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг байсан явдал нь байжээ.

Tuesday, May 27, 2014

59. Авраам Линкольн (Abraham Lincoln)



"Миний хөдөлмөрт эх орноо хайрлах хайраар дүүрсэн зүрх, сайн үйлс бүтээх гэсэн чин хүсэл хоёр маань шингэсэн юм"



XIX зууны эхний хагаст бие даасан Америк улс нутаг дэвсгэрээ номхон далайн эргийн дагуу өргөтгөх зорилго тавьсан байлаа. Гэвч Америкийн дотоод байдал тайван бус байв. Хойд болон Өмнөд хэсгүүдийн хоорондох зөрчил гүнзгийрсээр байлаа. Үүний шалтгаан нь боолчлолд хандах хандлага байсан юм. Эвлэрэх сүүлчийн найдвар тасраад байх тэр үед Америкт өндөр, сөрдгөр сахалтай, ширүүн бөгөөд заримдаа ядарсан царайтай, өвчлөмтгий боловч хэзээ ч хошин шогийн мэдрэмжээ алддаггүй нэгэн эр гарч ирсэн байна. Тэрээр хэн ч танихгүй ядуу фермерээс улсынхаа хамгийн цуутай улстөрч хүртлэх замыг туулсан юм. Энэ хүн бол Авраам Линкольн байлаа. Тэр иргэний дайныг зогсоож, Америкийг буцаан нэгтгээд, боолчлолыг үүрд хууль бус хэмээн зарлажээ. Өөрийн хийсэн зүйлийн төлөө Линкольн алуурчны суманд өртөж нас барсан байна. Түүнийг зүй ёсоор үндэстнийг аврагч гэж үздэг ба үүний хажуугаар ард түмнээс гарч ирсэн ер бусын, гоц хүн байжээ.

Wednesday, May 21, 2014

58. Артур Конан Дойл (Arthur Conan Doyle)



"Хэрэв Холмс байдаг бол тэр нь би өөрөө гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой"



XIX зууны хоёр дахь хагасыг Их британийн түүхэнд английн хаан ширээнд хагас зуун жил суусан Виктория хатан хааны нэрээр "викторийн үе" гэж нэрлэдэг байна. Энэ үеийг консерватизм, цэмцгэр байдал, тэвчээртэй байдал, гайхалтай хошин шог гэх мэт жинхэнэ англи зүйлстэй холбон ярьдаг. Артур Конан Дойл нь викторийн үеийн хамгийн жинхэнэ жентльмен байлаа.
Алдарт мөрдөгч Шерлок Холмс болон түүний найз, түүхийг нь бичигч Ватсон эмчийн тухай дуулаагүй хүн байхгүй биз ээ. Анх харахад эдгээр баатрууд огт өөр хүмүүс мэт санагдана: нэг нь маш ухаалаг, энгийн зүйлст дургүй, ердийн бус, уран сайханч хүн байхад нөгөөх нь өөрийн ер бусын найзыгаа биширдэг, халагдсан цэргийн эмч юм. Гэвч тэр хоёр хоёулаа зохиогчийнхоо адил тэр үеийн хүмүүст байсан бүх сайн сайхныг өөртөө шингээсэн жентльменүүд ажээ.

Friday, May 16, 2014

57. Руаль Амундсен (Roald Amundsen)



"Адал явдал гэдэг бол муу бэлтгэлийн үр дүн юм"



Өнөөдөр хүүхдүүд ч туйлын талаар мэддэг болжээ. Цасан цагаан тал, туйлын шөнө гэрэлтэх гайхамшигтай туйлын туяа, далайд хөвөх асар том мөсөн уулс... Далайн муур, цагаан баавгай, оцон шувууд... Дэлхийн энэ төгсгөлд ямар их аюул нуугдана вэ? Нэг л алдаа гаргахад энд ирэхээр зориглосон хүн замаасаа төөрч, хэзээ ч эргэж ирэхгүй болж болно.
Бүх л саад бэрхшээлийг үл харгалзан хүмүүс дэлхийн газрын зураг дээрх "цагаан цэгүүдийг" бөглөх, шинжлэх ухааны ховор материал цуглуулах болон зүгээр л өөртөө болон бусдад байгалиас хүчтэй гэдгээ харуулах гэж Хойд болон Урд туйл руу аялал хийсээр байлаа. Туйл руу хамгийн анх амжилттай аялсан хүн бол Норвегийн Руаль Амундсен байжээ.
Хувь заяаны эрхээр тэр Хойд туйлд очсон хамгийн анхны хүн болж чадаагүй боловч Урд туйлд очсон анхны хүн болж чадсан байна. Гэвч тэрээр эцэст нь өөрийнхөө дуртай Арктикт өөрийн өрсөлдөгч, италийн агаараар аялагч Умберто Нобилег аврах гэж яваад нас барсан байна.