Thursday, August 29, 2013

40. Лев Толстой (Leo Tolstoy)



"Баяр баясгалантай ч юм шиг тэгснээ эргээд цөхрөл гунигтай, амьдрал ямар ч гарцгүй гэдгийг мэдрэх байдалд би ганц хоёр удаа биш, зуу, мянган удаа орж байсан"



Лев Николаевич Толстойн нэрийг дэлхий дахин мэддэг. Оросын агуу зохиолчдын нэг тэрээр ном бичих ажлыг өөрийн үндсэн ажлын хажууд "туслах ажил" гэж үздэг байв. Түүний хувьд хамгийн гол нь сэтгэл санаагаа тогтмол ажиллуулж, өөрийгөө хөгжүүлж, орчин тойрноо өөрчлөх явдал байжээ. Гүн сэтгэгч Толстой нь өөрийн цаг үеийн соёл иргэншлийн эмзэг асуудлуудыг маш зөвөөр ойлгож, тодорхойлж байсан байна. Түүх болон цаг үеээсээ гарч ирж байсан асуултанд хариулахын тулд тэр Сэргэн мандалтын үеийн гүн ухаанчдын санаа, эртний философчдын шүлэг, Христийн сургааль, ардын мэргэн ухаан зэрэг олон зүйлд хандаж байв. Өөрийнхөө үнэнийг олж авсны дараа Толстой зөвхөн түүний "эзэмшигч" байхыг хүссэнгүй. Түүнийг ойлгохгүй байсан ойр дотны хүмүүс болон улсын зүгээс хийж байсан саад тотгорыг үл тоон өөрийн зовж мэдэж авсан ертөнцийг үзэх үзлээ аль болох олон хүнд тараахыг хүсч байв.
Одоо үед Толстойн уран зохиолын бүтээлүүдийг түүний үзлээс илүүд үздэг боловч цагтаа Толстойн үзэл санаа нийгмийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Wednesday, August 28, 2013

39. Их Карл (Charles the Great)



"Миний үүрэг бол Ариун сүмийг буруу номтнуудаас хамгаалах явдал юм"



Эхний мянган жилийн дунд үед Баруун Ромын эзэнт улс задран унасны дараа газар нутаг дээр нь "зэрлэгүүдийн" хаант улсууд үүсчээ. V зууны төгсгөлөөс эхлэн Франк улсыг Меровингүүд удирдаж байсан бол тэднийг Каролингийнхан бага багаар шахсаар эцэст нь тэднийг ямар ч эрх мэдэлгүй болгосон байна. 768 онд франкийн хаан ширээнд каролингийн хоёр дахь хаан - Их Карл гарч иржээ.
Эцгээсээ өргөн их нутаг дэвсгэр өвлөн авсан Карл нуран унасан Ромын эзэнт улсыг сэргээх зорилго тавьсан байна. Үүний үр дүнд тэрээр одоогийн Герман, Франц, Итали болон зарим нэг улсуудын нутаг дэвсгэрийг нэгтгэжээ. Агуу эзэн хаан, гарамгай удирдагч Карл эртний ёс заншлыг сэргээхийн хажуугаар жинхэнэ франк хүн хэвээр үлдсэн юм. Түүний үйл хэрэг дараа үедээ маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн тул түүнээс европын олон улсууд удам дамжсан хаанаа "Carol" (латинаар Carolus гэдгээс. Жишээ нь оросоор - король) гэж нэрлэсээр иржээ.

Tuesday, August 27, 2013

38. Генрих Шлиман (Heinrich Schliemann)



"Бидний хөдөлмөр хүнд байх тусам агуу зорилгод хүрэх бидний хүсэл илүү удаан хугацаанд хадгалагдах болно"



XVIII-XIX зууны үед европын ихэнх үндэстнүүд өөрсдийн түүхээ сонирхож эхэлсэн байна. Эртний Грекийг Европын соёл иргэншлийн өлгий нутаг гэж үздэг байсан тул Эгейн тэнгисийн эрэг дагуу археологийн малтлагууд явагдаж эхэлжээ. Гэвч эрдэмтэд зөвхөн Грекийн сонгодог үеийн барилгын балгасуудыг л олсон байна. Грекийн үүнээс өмнөх үеийн талаар яригдаж ирсэн зүйлсийг ихэнх эрдэмтэд ямар ч баримт баталгаагүй үлгэр домог гэж үзэж байв. Гэвч Гомерын үлгэрүүдэд гардаг ертөнц жинхэнээсээ байсан юм гэдэгт итгэж, түүнийгээ батлахаар шийдсэн нэг хүн гарч ирсэн байна.
Генрих Шлиман археологийг нас тогтсон хойноо сонирхож эхэлжээ. Энэ герман хүн амьдралынхаа эхний хагасыг бизнес хийж өнгөрөөсөн ба Орос улсад 18 жил болсон байна. Гэвч үйлдвэрийн эзний амьдрал түүнд зориулагдаагүй байв. Тавиад настай байхдаа өөрийн багын мөрөөдөл болох Гомерын бичсэн Трой хотыг олохоор шийджээ. Ямар ч эрдэмтэн ийм зорилгыг өөртөө тавихааргүй байлаа... Сонирхогч Шлиманы хувьд энэ нь бараг биелсэн юм. Түүний олсон соёл иргэншлийн ул мөр нь тэр үед эрдэмтдийн олоод байснаас илүү эртнийх байжээ.

ШУТИС-ийн КТМС-ийн 2013-2014 оны хичээлийн жилийн намрын семестрийн хичээлийн хуваарь (ПХ)





Лаборантаас өнөөдөр авсан хуваарь. Өөрчлөлт орсон байх өндөр магадлалтай. Болгоомжтой хэрэглэнэ үү.

Monday, August 26, 2013

37. Муссолини (Benito Mussolini)



"Би фашизмыг бүтээгээгүй, харин италичуудын дотоод ухамсраас гаргаж ирсэн юм"



1870 онд л итали нэг улс болон нэгдсэн боловч зарим нэг мужууд нь бие даах чадвартайгаа мэдэрсээр байв. Италийн үндсэрхэг үзэл үүсэх хөрс суурь байхгүй байжээ. Хуучин Ромын эзэнт гүрний алдар нэрийг сэргээнэ гэж хэлж гарч ирсэн Бенито Муссолини италийн хувь заяаг огцом өөрчилсөн байна.
Муссолини улс төрд орж ирэхдээ социалист байсан бол дэлхийн нэгдүгээр дайны үед түүний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдсөн байна: тэрээр фашист нам байгуулж, дайны дараах хямралын үед засгийн эрхэнд гарчээ. Фашизмыг үндэслэгч Муссолини италид дарангуйллын дэглэм тогтоож, эртний эзэнт гүрний хүч чадлыг сэргээх бүтэлгүй оролдлого хийсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайнд нацист германы талд орсноор улс орноо ялагдалд хүргэжээ...

2013-2014 оны хичээлийн жилийн намрын улиралд удирдах магистрын сэдвүүд

1. Текстүүдийн семантик төсөөг тооцоолох параллель алгоритм (Parallel algorithm for semantic similarity calculation of texts)
2. Нийгмийн сүлжээн дэх текстийн эерэг, сөрөг утгыг шинжлэх (Contextual polarity of messages in social networks)
3. Телевизийн сувгийн мессеж зарын текстийг галиглахад гарах алдааг багасгах алгоритм (Algorithm for reducing transliteration errors of TV channel text ads)

Friday, August 23, 2013

36. Битлз (The Beatles)



"Амьдралын тухай ертөнцөд ярьж өгөхөөс өөрөөр амьдралын тухай бодох хэрэггүй"



1957 онд Ливерпуль нь Англид Лондоны дараа орох том боомт хот байлаа. Хувь заяа нь хөгжимд дуртай Жон Леннон, Пол Маккартни гэсэн хоёр хүүхдийг энэ хотод уулзуулжээ.
Хэдэн жилийн дараа тэр хоёр дэлхийн алдар нэрийн оргил руу цахилгаан мэт хурднаар гарсан рок хамтлагийн цөм нь болсон байна.
Барууны залуучууд "Битлз"-ийн шинэ хитүүдээр бараг донтож байсан ба дөрвөн гишүүнийг бүгдийг нь шүтэн биширч, даган дуурайх болжээ. Ийм их сонирхол татсан, хагас хориотой зүйл рүү социалист орны залуучууд ч тэмүүлж байв. "Битлз"-ийг шүтэх явдал дорно дахинд, ялангуяа япон улсад ч дэлгэрсэн байна. "Битлз"-ийн нөлөө зөвхөн хөгжмөөр ч зогссонгүй, 1960-аад онд тэд хувцасны загвар, урлагийг үзэх үзэл, зан байдал, амьдралын бүх хэв маягт нөлөөлж байв.
Алдарт рок хамтлаг тарснаас хойш дөчөөд жил өнгөрсөн боловч тэдний тухай дурдатгал мартагдаагүй л байна. "Битлзчүүд"-ийн уран бүтээл шинэ үеийн хөгжимчдөд хүчтэй нөлөө үзүүлсэн хэвээр байна.

Thursday, August 22, 2013

35. Акира Куросава (Akira Kurosawa)



"Мөрөөдөлтэй хүн бол суут хүн юм"



XX зууны эхнээс кино дэлхий даяар хүмүүсийн хамгийн дуртай цаг нөхцөөх зүйл болжээ. Кино үйлдвэрлэлийн том төвүүдийн нэг нь Япон улс байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны үед японд бараг ганц гэгээлэг зүйл нь кино байсан байна. Тэр үед найруулагч Акиро Куросава гарч иржээ.
Куросава бол баруунд хамгийн алдартай японы кино найруулагч юм. Өөрийн цаг үедээ үнэнч түүний ажлуудад японы утга зохиолын агуу уламжлалыг үзэгчдэд материалыг ойлгуулах баруунаас ирсэн олон улсын арга болон орчин үеийн технологитой хослуулсан байдаг. Уг мастерын кинонд реализм, утга уянгын чанар, хүний энэрэнгүй сэтгэл бүгд сүлжилддэг. Куросавагийн гаргасан шинэ аргуудыг сүүлд нь бусад улсын найруулагчид ч авч ашигласан байдаг ба тэдгээр нь дэлхийн өв болсон юм.

Wednesday, August 21, 2013

ADU 310A CDMA модемийг Ubuntu дээр суулгах

Урьд нь тун дажгүй ажиллаж байсан модем маань сим картыг нь солиод хийсэн чинь ажиллахаа байжээ.
http://it.gansukh.com/2009/07/ubuntu-g-mobile.html#comment-form гэх мэт баахан блогоор явж стандарт бус арга хайв. Зарим блог дээр их л мундаг хүмүүс "нэг USB slot-оосоо аваад нөгөө руу нь залга" гэх мэт зөвлөсан байсныг их л бишрэн дагасан боловч болсонгүй. wvdial.conf файлын форматыг харж байгаад өөрийн дураар "бусниулж" орхисон чинь бүр ажиллахаа байчихав.
Аз болоход https://wiki.archlinux.org/index.php/USB_3G_Modem хуудаснаас "First of all use your SIM card in a normal phone and disable the PIN request if present. If the SIM card asks the PIN wvdial won't work." гэсэн шидэт өгүүлбэрийг олж уншив. Зүгээр л SIM-ээ утас руу хийж байгаад PIN-г нь тэглэх ёстой байжээ.

34. Мартин Лютер Кинг (Martin Luther King)



"Бидэнд үзэн ядалтын эсрэг хайр байх ёстой"



Дэлхийн хоёрдугаар дайны дараа америк улс дэлхийн хамгийн хөгжиж байгаа улс болсон байлаа. Гэвч энэ хөгжлийн цаана тус улсын өмнөд хэсэгт хар арьст хүн амыг цэцэрлэгийн сандал болон автобусны сандал дээр сууж болохгүй гэх мэтээр иргэний эрхийг хязгаарласан, арьс өнгөний үзлийн төрөл бүрийн арга хэмжээ цэцэглэж байв. Ийм байдлаас болж эсэргүүцлийн хөдөлгөөн үүсчээ. Негрүүдийг ялгаварлах үзлийн эсрэг тэмцлийн толгойлогч нь Мартил Лютер Кинг байлаа.
Санваартан Кинг Америкт байгаа эрхийн тэгш бус байдалтай хүч хэрэглэлгүйгээр тэмцэж байв. Тэр хар арьст америкчуудыг сэрээж тэдний иргэний эрхийнхээ төлөө хийх тэмцлийн явцад хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Түүнийг цагдаа нар мөрдөж, арьс өнгөний үзэлтнүүд заналхийлж байсан ба эцэст нь дөнгөж 39 насандаа алуулжээ. Гэвч түүний ажил хэрэг үр ашиггүй өнгөрсөнгүй: АНУ-гий орчин үеийн дүр төрхийг бүтээхэд Кинг болон түүний залгамжлагчдын хувь нэмэр багагүй орсон юм.

Tuesday, August 20, 2013

33. Фердинанд Порше (Ferdinand Porsche)



"Бүх юмыг олж болно. Асуудлын гол нь яаж олох вэ гэдэгт байдаг"



Автомашины түүх XIX зууны сүүлчээр Бенц, Даймлер гэх зэрэг инженерүүдийн ачаар эхэлсэн юм. Автомашинууд морь тэргийг зөвхөн XX зууны эхээр л шахан гаргаж эхэлжээ. Энэ үйл явцыг толгойлж байсан хүмүүсийн дунд Фердинанд Порше гэдэг хүн байлаа.
Порше засварын газрын эзний гэрт төрсөн байна. Зохион бүтээгч болсныхоо дараа тэрээр хүн төрөлхтөнд цөөнгүй тооны сайхан машиныг бүтээж өгсөн юм. Порше үнэ багатай, чанартай "ардын машин" бүтээхийн тулд Адольф Гитлертэй хамтрахаар болжээ. Тэрээр "Фольксваген" болон "Порше" маркийн автомашиныг бүтээснээрээ дайны дараах автомашин үйлдвэрлэлийн чигийг гаргаж өгсөн байна.

Monday, August 19, 2013

32. Антони Гауди (Antoni Gaudi)



"Хүн бол бүтээгч биш харин анх олж нээгч юм. Өөрийн шинэ бүтээлд зориулж байгалийн хуулиудыг хайж олж байгаа хүн Бүтээгчид тусалж байна гэсэн үг."



XIX зууны төгсгөлд Испанийн зүүн хойд талд орших түүхэн муж Каталон сүүлд нь "Каталоны дахин сэргэлт" гэж нэрлэгдэх болсон соёлын хүчтэй өөрчлөлтөнд орж байлаа. Түүний хамгийн тод илрэл нь архитектурт илэрсэн ба юуны түрүүнд Антони Гаудигийн бүтээлд гарч ирсэн байна. Бие даасан үзэлтэй уг мастер өөрийгөө каталон хүн гэж үздэг байсан тул Испанийн хаантай ярихдаа хүртэл каталон хэл дээр ярихыг илүүд үздэг байжээ. Иймд түүний нэрийг испаниар "Антонио" гэж дуудах биш каталоноор "Антони" гэж хэлэх нь зөв юм.
Гауди зөвхөн байгалийг ажиглан, түүний хуулиудыг дагах тухай "байгалийн архитектурын" зарчмыг хэрэглэхийг уриалдаг байв. Энэхүү "зөвхөн" нь маш гайхамшигтай хэлбэрээр илэрхийлэгдсэн тул түүний ажлыг хэн ч давтан хийж чадаагүй юм.
Түүнийг нас барснаас хойш 80 жил өнгөрсөн боловч дараа үе нь Гаудигийн эхлүүлсэн хамгийн агуу эхлэл болон Ариун Гэр бүлийн (Sagrada Familia) Сүмийн барилгыг яагаад ч дуусгаж чадаагүй л байна. Харин Барселонд байрлах энэ дуусаагүй сүмийн барилгыг үзэх гэсэн сая сая жуулчдын цуваа тасардаггүй юм.


Sunday, August 18, 2013

Зипфийн хуулийн хэрэглээ

Миний урьдчилсан хамгаалалтан дээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл, соёлын сургуулийн захирал, профессор Т. Төрбатын хэлснээр "Зипфийн хуулийн тогтмолыг Монгол хэлний хувьд тодорхойлсон байна шүү дээ" гэж хэлэхэд их баярлаж билээ.
Зипфийн хууль гэдэг нь энэ талаар судалгаа хийж байгаагүй хүмүүс бол нэг их сонин биш санагддаг юм шиг байсан. Ер нь бол ямар нэг утгатай хэлний хувьд нэг тийм налуу шугам гарах ёстой гэсэн хууль юм.
Харин энэ хуулийг хэрэглэн сонирхолтой үр дүнд хүрсэн судалгааг саяхан олж харлаа.

Нэлээд ухаалаг амьтдад хүмүүс нэр өгөөд түүгээр нь дуудахад таньж хүрч ирдэг. Харин амьтад өөрсдөө бие биендээ нэр өгч ашиглах үзэгдэл далайн гахайнуудын дунд байгааг туршилтаар тодорхойлжээ. Мөн хоёр далайн гахай гурав дахийнхаа нэрийг "хэлж" ярилцдаг болохыг хойд Каролины их сургуулийн судлаачид тогтоосон байна.
Далайн гахайн энэ "хэлний" үгсийн хувьд Зипфийн хуулийн графикийг байгуулахад мөн л налуу шугам гарч байжээ. Утга учиргүй дохионуудын цуглуулгын хувьд энэ муруй налуу шугам гарах ёсгүй юм.

Эх сурвалж: http://www.kp.ru/daily/26109/3005692/

31. Христофор Колумб (Christopher Columbus)



"Миний хувьд амьдрал өөрөө чухал бус харин тэр надад хөвөх боломж олгож байгаа нь л чухал юм"




1492 оны 8 сарын 3-нд хоёр каравел, нэг дөрвөн шурагт хөлгөөс тогтсон баг испанийн Палос-де-ла-Фронтера боомтоос гарчээ. Багийн ахлагч нь генуэгийн Христофор Колумб байлаа. Аяллын зорилго нь баруун зүгт Энэтхэг орох замыг хайж олох явдал байв. Тэд баруун зүгийн замыг олоогүй ба харин оронд нь Америкийг нээжээ.
Колумб Шинэ газар руу дөрвөн удаа очсон ба нас барахдаа хүртэл нээсэн газар нь Ази гэдэгт итгэлтэй байсан байна. Зөвхөн португал болон испанийн далайчдын хийсэн дараад дараагийн аяллаар Колумбын нээсэн газар нь Азиас маш том далайгаар тусгаарлагдсан цоо шинэ тив болохыг баталжээ.
Бид Колумбыг азгүй хүн гэж үзэх үү эсвэл агуу нээлт хийгч гэж нэрлэх үү? Яг үнэндээ бол тэр аль аль нь байжээ. Түүний амьдралын хувьд түүний тооцоо батлагдаагүй, бодож байсан зүйл нь худал байсан тул тэр бүтэлгүйтсэн байна. Гэвч Колумб Шинэ газрыг эзэмших эхлэлийг тавьсан тул энэ нь түүний нээлт болжээ. Түүний том алдаа нь агуу нээлт байж таарсан байна.

Saturday, August 17, 2013

30. Аль Капоне (Al Capone)



"Эелдэг үг болон бууны тусламжтайгаар зөвхөн эелдэг үгнээс илүү үр дүнд хүрч болно"




Цаг үе болгонд ертөнцийг сайн сайхан болгох гэсэн хүмүүс төрдөг боловч тэднээс дутахааргүй ухаантай, авъяастай боловч нийгмийн дутагдал болон сул талыг юу ч бодолгүйгээр өөрийн талд ашиглах гэсэн хүмүүс ч бас төрж байжээ. Тэдгээр эсрэг дүрийн нэг бол америикийн гангстер Аль Капоне юм.

Түүний амьдрал бол америк мөрөөдлийн нөгөө тал нь байлаа. Италийн цагаач байсан бараг ядуу айлаас гаралтай тэр "Чикагогийн хаан" болсон байна. "Хуурай хууль" хэрэгжиж байх үед архи хууль бусаар үйлдвэрлэх болон оруулж ирэх замаар маш их мөнгө олсон тул тэр үеийн томоохон улстөрчид болон сэтгүүлчдийг "жижиглэнгээр болон бөөнөөр" худалдан авчээ. Мэдээж энэ зам нь урт бөгөөд цусанд будагдсан байлаа. Зарлага, гудамжны дээрэмчин, клубын хамгаалагч, сүрдүүлэгч, биеэ үнэлэгчдийн эзэн гэх мэт нь Капонегийн амьдралдаа сольсон "мэргэжлүүдийн" зөвхөн хэсэг нь юм.

Капоне анх хууль бус орлогоо хууль ёсны болгох ажлыг санаачилсан ба харин түүний хийсэн ганц алдаа нь татвар байлаа. Зөвхөн үүнийг нь ашиглан цагдаагийн газар түүнийг торны цаана хийж чадсан байна. Дараа үеийн дээрэмчид түүний "шинэ аргуудыг" ашиглахын хажуугаар татварын асуудлыг мартахгүй байхыг хичээх болжээ.

Thursday, August 15, 2013

29. Пабло Пикассо (Pablo Picasso)



"Би байгалийг дагадаггүй, байгальтай зэрэгцээд юм уу түүнээс түрүүлж явдаг. Зураач хүн байгалийг судлах ёстой ба харин түүнийг зурж байх үед байгаль саад болох ёсгүй."




Пабло Пикассогийн тухай XX зууны бусад зураачдаас илүү их бичсэн байдаг. Түүний бүтээлээс хүн бүр өөртөө ойрхон ямар нэг зүйлийг олж болно. Зарим нэгэнд нь "цэнхэр үеийн" Пикассо таалагддаг бол бусад нь түүний кубист төрлийн бүтээлүүдийг илүү үнэлдэг. Хэн нэг нь "Энхтайвны тагтаа" бүтээлийг хамгийн шилдэг нь гэж үздэг бол өөр нэг хүн "Герникаг", гурав дахь нь "Авиньоны хүүхнүүд" зургийг шилдэг нь гэж үздэг байна. Харин бүгд Пикассог өнгөрсөн зууны санааг илүү бүрэн байдлаар бүтээлдээ тусгасан мастер гэдэгт санал нийлдэг юм.
Энэ агуу хүний бүтээл сэтгэл хөдөлгөсөн эргэлтүүд болон олон утгатай үйл явдлуудаар дүүрэн байдаг. Пикассогийн найз нартайгаа, эмэгтэй хүмүүстэй, хамаатнуудтайгаа яаж харьцаж байсан тухай маш их ярьж, цуу яриа, бодож олсон зүйлээр хэтрүүлсээр байна. Зарим судлаачид түүний чин үнэнч нөхөрлөл, эрч хүчтэй хайр, амьдральд цуцашгүй хайртай байсныг нь магтан дуулдаг бол бусад нь зураачийг сэтгэл зүрхгүй хувиа хичээгч, урлагт өөрийгөө болон түүнтэй хайр сэтгэл болон садан төрлийн холбоотой байсан бүх азгүй хүмүүсийг золиослосон гэж үздэг юм.

"Аассс" гэдэг үгний тухайд

Тун тохитой томоотой хүмүүс байн байн "Тэр чинь ааассс байхгүй юу" гээд байхаар нь юу гэсэн үг юм бол доо гэж таамаглал дэвшүүлж, судалгаа хийгээд барсангүй.

1. Дээр үеийн хүмүүс тул дээр үед гардаг байсан "АСК" буюу "Авхаалжтай Сэргэлэнчүүдийн Клуб" гэдэг нэвтрүүлгийг хэлээд байгаа юм болов уу гэхээр утга нь таардаггүй. Тэгээд ч К үсгийг хаяж хэлнэ гэдэг магадлал багатай. Энэ нэвтрүүлэг миний бодлоор сүүлдээ "Дэвжээ" болоод тэгээд алга болчихсон. Харин ОХУ-д бол "КВН" гээд тасралтгүй явсаар 50 жилээ саяхан хийсэн санагдана.

2. "Ass" буюу англиар их л эвгүй үгтэй бол маш адилхан сонсогдож байгаа юм. Томоотой хүмүүс англи үг хольж хэрэглэх нь байх боловч ийм эвгүй утгатай үгийг хэрэглэх нь юу л бол. Тэгээд ч фейсбүүкийн хоёр мянга орчим "найз" нараасаа асуугаад хэн ч олигтой хариу хэлсэнгүй.

3. Харин санамсаргүй National Geography үзэж байтал оросоор реклам гараад "Асы" гэсэн үгтэй реклам гардаг юм байна. Тэгсэн чинь их л хийдэг зүйлдээ мундаг хүн гэсэн утгатай юм байх. Манай дарга нар юунд гадаад үгс хэрэглэнэ вэ? Магадгүй биднийгээ англи хэл сураг гэж боддог байх л даа.

Wednesday, August 14, 2013

2013-2014 оны хичээлийн жилийн Намрын улиралд удирдах бакалаврын дипломын сэдвүүд

1. Текстийг латинаас кирилл рүү хөрвүүлэх Марковын далд загвар байгуулж ашиглах нь (sw09d007)
2. Салаа утгатай үгийн утгыг тодорхойлох Байесын аргыг монгол текст дээр псевдо үгийн аргаар үнэлэх нь
3. Хамгийн их энтропийн аргаар текстийг агуулгаар ангилах нь
4. Андроид үйлдлийн системтэй гар утсан дээрх монгол ардын хөлөгт тоглоом
5. Тоон гарын үсэг зурах, шалгах програм
6. Програмчлалын олимпиадын засалтыг автоматаар гүйцэтгэх програм (sw09d044)
7. Текстийг латинаас кирилл рүү хөрвүүлэхэд ангилалтын алгоритм ашиглах нь (sw08d422)
8. Лабораторын ангийн компьютерт нэвтрэх оюутны хяналтыг Active Directory ашиглан сайжруулах нь
9. Автобусны рейс шалгах диспетчер програм
10. Хуулбар процес ашигласан програмуудын харилцан үйлчлэлийн загвар

Сонирхсон төгсөх оюутнууд холбоо барина уу.

28. Альфред Хичкок (Alfred Hitchcock)



"Кино гэдэг бол хамгийн уйтгартай хэсгүүдийг нь хассан амьдрал юм."




XX зууны эхээр "хамгийн чухал урлагаар" кино урлаг тодорчээ. Дэлхийн нэгдүгээр дайны дараа кино үйлдвэрлэлийн төв Голливуд руу шилжсэн ба Европ, тэр тусмаа Англи энэ чиглэлд АНУ-гаас хоцорсон байв. Гэвч будант Альбионд төрсөн залуу найруулагч л өөрийн санаа болон түүнийгээ хэрэгжүүлэх аргуудаараа английн кино урлагийг далайн чанад дахь хөршийнхөө хэмжээнд хүргэснээр барахгүй голливудын болон дэлхийн киноны хөгжлийн болон стандартын чиглэлийг олон жилээр тогтоож өгсөн байна.
Альфред Хичкок бага байхаасаа л аймшиг болон сэтгэлзүйн дарамттай сэдвүүдийг сонирхож байжээ. Тэр киногоо үзэгч нь дэлгэц дээр болж байгаа бүх зүйлийг тасралтгүй ажиглан, дараагийн секундэд юу болох бол гэдгийг айж чичрэн таамаглаж байхаар хийдэг байв. Хэдийгээр тэр зүгээр л үзэгчдийн мэдрэлийг гижигдэж зугаацуулдаг гэж хэлдэг боловч үнэндээ бол үзэгчдийн сэтгэлзүйг удирдаач шиг удирддаг байжээ.
Хичкок кино урлагт английн "тодорхойгүй байдал", "түр зогсолт", "түгшүүр" гэсэн үгнээс гаралтай "саспенс" гэж нэрлэгдэх шинэ урсгалыг нэмсэн юм. Эдгээр бүх шинж чанарууд кино найруулагчийн бүтээлд хангалттай их хэмжээгээр байдаг. Анх худалдааны болон цэнгээнийн зорилгоор бүтээсэн түүний кинонууд орчин үеийн кино урлагийн сонгодог бүтээлүүд болсон юм.

Tuesday, August 13, 2013

27. Ах дүү Гримм (Brothers Grimm)



"Нар гэрэлтэж, дээврээс дуслах ус шиг ар араасаа хөврөх өдрүүд маань дуусаагүй байгаа цагт бидний хөдөлмөр үргэлжилсээр байх болно"




XIX зууны эхэнд герман улс тус тусдаа тусгаар тогтнолынхоо төлөө бүх хүчээрээ тэмцэлдсэн үхрийн бөөр шиг олон жижиг, маш жижиг улсуудаас бүрдэж байв. Ийм нөхцөлд нэгдсэн нэг герман улсыг байгуулах асуудал бүтэшгүй мэт санагдаж байлаа. Улсаа "зэвсэг болон цусаар" нэгтгэхийг хүсээгүй эх орончдын хувьд зөвхөн үндэстний ерөнхий соёлын өвүүд дээр тулгуурлах арга л үлдэж байв. Тэдгээрийн тоонд ардын үлгэр, домог болон герман хэл өөрөө орж байсан байна. Тэдгээрийн судалгаа нь ах дүү Гриммийг алдартай болгожээ. Тэдний хэвлүүлсэн үлгэрүүд нь тарж бутарсан орны хувьд зөвхөн соёлын бус харин нийгмийн амьдралд мэдэгдэхүйц үйл явдал болсон байна.
Соёлыг ашиглан улс орныг нэгтгэх гэсэн найдлага талаар болжээ. Германыг зэвсгээр нэгтгэсэн байна. Харин ах дүү Гриммийн гавъяаг хойч үе нь зохих ёсоор үнэлжээ. Тэдний нэр германы авъяастнуудаар баялаг XIX зууны соёлын бэлэг тэмдэг болсон байна.

Monday, August 12, 2013

Android утсан дээрх "Long press" буюу "Удаан дарах" үйлдэл

Ухаалаг утас авсан зарим хүмүүс ухаад ухаад мессэжээ яаж өөр хүн руу явуулахыг (sms forward) меню дотроосоо хайгаад олохгүй байгаа харагддаг. Тэгээд болохгүй болохоор нь хуучин аргаа хэрэглэн текстээ дахин шивэх ч юм уу, арай ухаалаг утсандаа илүү гарамгай нь copy&paste үйлдэл ашигладаг.
Хүнээс ирсэн чухал мессэжийг олон хүнд явуулахад copy&paste арай л тохиромжгүй нь ойлгомжтой.Зарим нь бүр андроид үйлдлийн системтэй утсан дээр Forward гэж үйлдэл байдаггүй юм байна гээд утсаа худалдаж авсандаа бага зэрэг харамсаад авдаг.
"Хийморьтойд" нь харагддаг тэр "Forward" гэсэн командыг гаргаж ирэхийн тулд тухайн хүнээс ирсэн мессеж дээрээ удаан дарахад л хангалттай юм.

Thursday, August 8, 2013

Kindle Keyboard - ийн үсгийн хэмжээ

A4 хуудасны хэмжээтэй файлыг pdf болгоод киндл дээр уншина гэвэл микроскопон нүдтэй байх хэрэгтэй биз ээ. Харин яг киндлд таарсан хэмжээтэй болгоно гэвэл доорх тохиргоог ашиглаарай:

Фонт: Times New Roman
Фонтны хэмжээ: 12
Хуудсын өргөн: 8.5 см (3.35 инч)
Хуудсын өндөр: 11.4 см (4.49 инч)
Дээр, доор, баруун, зүүнээс авах зай: 1 мм (0.04 инч)

Жишээ болгон "Зуун жилийн ганцаардал" болон "Далайн хөвөөн дэх алаг хав толгой" номнуудыг оруулав.

26. Будда (Buddha)



"Буянтай хүмүүс алсаас Гималайн уулс шиг харагддаг бол нүгэлтэй хүмүүс шөнөөр харвасан сум шиг дэргэд ирсэн ч харагддаггүй"


(566?-486?)



Сиддхарта Гаутама нь хойд энэтхэгийн Шакья хаант улсын хаанхүү байжээ. Тэрээр гарамгай удирдагч болж болох байсан боловч энэ ертөнц дээр хажууд нь амьдралын бүх баяр баясгалан унтармаар их зовлон байгааг олж хараад эрх мэдэл, хөрөнгөнөөсөө татгалзан энгийн даяанч болон үнэний эрэлд гарсан байна. Мару чөтгөрийг ялсныхаа дараа агуу Будда болжээ. Дараа нь хүмүүст Дөрвөн үнэнийг сургахаар ертөнцөд буцан ирсэн байна. Түүнийг Шакьямуни (Шакьягийн мэргэн), Бхагавата (Үнэнийг өгүүлэгч), Татхагата (Тийн одсон), Сугата (Буянд одсон) болон Жин (Ялгуулсан) гэж нэрлэдэг.
Амьд байхдаа Гаутама Будда өөрийн үгсийг бичихийг хориглодог байсан байна. Зөвхөн насан өөд болохынхоо өмнө шавь нартаа дараа үед зориулан бичихийг зөвшөөрчээ. Гэхдээ зөвхөн зөв замаар, үнэн рүү тэмүүлж буй хүн л түүний шавь байх болно гэдгийг анхааруулсан байна.
Бүрэн гэгээрсэн түүнийг энэ ертөнцийг орхисны дараа түүний сургаал шашин болжээ. Хүмүүс түүнд зориулан маш олон сайхан сүм, дуган, хөшөө дурсгалыг барьж мөргөх болсон байна. Гэвч хүмүүс түүний ямар нэг ёс заншил, зан үйлийн эсрэг байсныг мартжээ.

Wednesday, August 7, 2013

25. Адольф Гитлер (Adolf Hitler)



"Намайг одоо үе юу гэж бодож байгаа нь хамаагүй. Харин ирээдүй надаас юу хүсч байгааг би мэдэж байгаа болохоор түүнийг биелүүлэхийг бид зорилгоо болгож байна!"




Герман улс дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсанаар тэнд үндэсний үзэл санаа ихээр дэлгэрч байв. Версалийн энхийн гэрээ ёсоор ялагдсан улсыг их гүрний тооноос хассан ба энэ нь хуучин цэргүүдэд хүндээ туссан бөгөөд тэд ийм ичгүүртэй гэрээнд гарын үсэг зурсан улстөрчдийг үзэн ядаж байлаа. Ингэснээр нацист хөдөлгөөн үүсэх таатай хөрс бүрджээ. Хөдөлгөөний удирдагч Адольф Гитлер эртний энэтхэг-европчуудын шууд удам буюу арийчууд гэж үзэж байгаа герман үндэстнийг нэгдүгээр үндэстэн гэдэгт итгэлтэй байв. Түүний бодлоор цыган, еврей болон славян гэх мэт "бохир" төрлийн үндэстнүүд нэг бол байх эрхгүй эсвэл "цэвэр" үндэстний үр удамд үйлчлэх ёстой байлаа.
Засгийн эрхэнд гарсныхаа дараа Гитлер энэ галзуу бодлоо практик дээр хэрэгжүүлэхийн тулд дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөн байна. Дэлхий дээр шинэ дэг журам тогтоох гэсэн оролдлого нь бүтэлгүй болсон ба амь үрэгдсэн болон конц-лагерт зовсон олон сая хүний тухай дурсахдаа энэ аймшигт үеийг даван туулсан хүмүүс "Гитлер", "дайн" болон "үхэл" гэсэн үг адил утгатай хэрэглэх болжээ.

Sunday, August 4, 2013

24. Юлий Цезарь (Julius Caesar)



"Бүгд найрамдах улс гэдэг бол юу ч биш. Тэр бол биегүй, нүүргүй хоосон нэр юм"


(МЭӨ 100-44)



Алдартай түүхэн хүмүүсээс цөөхөн хэдийнх нь нэр ямар нэг зүйлийн нэр болгож үлдсэн байдаг. Ийм хүмүүсийн нэг нь МЭӨ I зууны үеийн ромын улстөрч Гай Юлий Цезарь юм.
Түүний овог болох "Caesar" гэсэн үгнээс хаан гэсэн утгатай оросын "царь", германы "кайзер" гэсэн үгс үүссэн байдаг. Харин Цезарь өөрөө огт хаан байгаагүүй юм. Үүнээс гадна МЭӨ I зууны үед ромд гарсан улс төрийн тэмцэлд тэрээр ардчилсан чиглэлийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байжээ. Гэвч амьдралынхаа төгсгөлд өөрийн гарт бүх эрх мэдлийг цуглуулсныхаа дараа хуйвалдааны золиос болсон байна. Цезарийн нэр хүндийг ашиглан түүний ач Октавиан улсын эрхийг гартаа авч Ромын эзэнт гүрнийг байгуулжээ.
Юлийгийн удмын эхний эзэн хаанаас эхлэн "Цезарь" гэсэн нэрийг ашиглаж эхэлсэн байна. Энэ нь бараг 2000 жил үргэлжилсэн уламжлалыг бий болгожээ.

Saturday, August 3, 2013

23. Элвис Пресли (Elvis Presley)



"Үнэн гэдэг бол нартай адилхан юм. Түүнийг хэсэг зуур халхалж болох боловч үүнээс болоод тэр хаашаа ч алга болдоггүй"



Дэлхийн хоёрдугаар дайны дараах эхний арван жилд эцэг хүүгийн хоорондын мөнхийн зөрчил дахин хурцдав. Залуу үе арьс өнгөөр ялгаварлах зэрэг үеэ өнгөрөөсөн хуучин нийгмийн үзэл бодлуудтай эвлэрэхийг хүсэхгүй байлаа. Тэд юм бүрээрээ, тэр тусмаа хөгжмөөрөө ялгарахыг хүсч байв. Ингээд маш ардчилсан, хүн бүхэнд зориулагдсан бүжгийн төрөл болох рок-н-ролл үүсчээ. Дээр нь түүний дотор цагаан арьст ажилчин залуусын хөгжим хар арьстнуудын хэмнэл, аялгуутай холилдсон байв. Хөгжмийн энэ төрлийн тэргүүлэгч нь залуу дуучин Элвис Пресли байлаа.
Тэр ядуу гэр бүлд төрсөн боловч хөгжмийн Олимпийн оргилд хүрч "америк мөрөөдлийг" амьдрал дээр хэрэгжүүлжээ. Тэр хүссэн зүйлээ яаж хүсч байгаагаараа дуулж байв. Тэр өөр хэнтэй ч андуурагдахааргүй байсан ба шүтэн бишрэгчид нь түүнийг зүгээр л нэрээр нь "Элвис" гэж нэрлэдэг байлаа. Одоог хүртэл, Преслиг нас барснаас олон жилийн дараа ч ертөнц даяараа түүний хөгжимд бүжиглэсээр байна.

Thursday, August 1, 2013

22. Нострадамус (Nostradamus)



"Би амьд ч амьгүй ч байсан үхэшгүй мөнх байх болно. Миний дараа миний нэр Ертөнц даяар удаан амьдрах болно."




XVI зууны үед Францад Нострадамус нэртэй эмч амьдарч байв. Тэрээр улс орныг нь сүйрүүлж байсан тахлын эсрэг эм хайж байсан ба аймшигт өвчинтэй хийсэн тэмцэлдээ нэлээн амжилт олжээ. Гэвч эмч өөрийн гэр бүлээ хамгаалж чадаагүй бөгөөд эхнэр болон хоёр хүүхдээ алдсан байна.
Магадгүй энэ явдал түүний зөнчийн нууцлаг чадварыг сэрээсэн байж болох юм. 1555 онд Нострадамус ирээдүйн тухай бичсэн "Центурии" номоо хэвлүүлсэн байна. Тодорхойгүй агуулга болон хэлбэр бүхий дөрвөн мөрт шүлгүүдээр зохиолч хүмүүст юу болж өнгөрөхийг өгүүлсэн. Хэзээ болохыг нь яг хэлсэн хамгийн сүүлийн үйл явдал 1999 онд болжээ.
Удалгүй түүний хэлсэн зүйлс биелэгдэж эхлэв: ер нь тэр үеийн хүмүүс болон дараагийн үеийнхэнд тэгж санагдахаар байсан байна. Тэр үеэс одоог хүртэл хүмүүс түүний ойлгомжгүй хэлсэн зүйлсийн утгыг тайлахыг оролдох болжээ. Жил бүр тайллуудын тоо өсч байгаа боловч харамсалтай нь тэдгээрийн ихэнх нь хэт хуурмаг бөгөөд тайлбарлагчдын мэдлэггүй байдлыг харуулдаг байна.