Monday, January 13, 2014

47. Мария Кюри (Marie Curie)



"Өөрийгөө ямар нэг зүйлд хэрэгтэй гэдэгт итгээд, тэр 'ямар нэг зүйл'-дээ ямар ч үнээр хамаагүй хүрэх хэрэгтэй"



Эртний Грекийн үеэс хойш атомыг материйн хуваагдашгүй хамгийн бага хэсэг гэж үзэж байлаа. Энэ байдал нь атом гэдэг цэвэр философийн ойлголт шинжлэх ухааны судлагдахуун болчихоод байхад ч хэвээр байсаар байжээ. XIX зууны эцсээр рентген туяаг нээсний дараа ертөнцийн шинжлэх ухааны дүрслэл яаж өөрчлөгдөхийг хэн ч урьдчилан харж чадаагүй л байв. Залуу судлаач Мария Кюри рентген туяаны тусламжтайгаар ертөнцийн зохион байгуулалтын хэд хэдэн нууцыг нээсэн байна.
Мария Складовская тэр үед Оросын эзэнт улсын бүрэлдэхүүнд байсан Польш улсад төржээ. Ирээдүйн нөхөр Пьер Кюритэй Парист уулзсан нь түүний хувь заяаг өөрчилж, шинэ боломжуудыг нээж өгсөн байна. Удалгүй тэрээр полоний болон радий гэсэн хоёр шинэ химийн элементийг нээж, шинжлэх ухаанд "радио идэвхт" гэсэн нэр томъёог оруулжээ. Түүний хөдөлмөр нь матерриаллаг ертөнцийн тухай төсөөлөлд хүчтэй нөлөө үзүүлээд зогсохгүй зөвхөн хүүхэд харах, гэр цэвэрлэх үүрэгтэй гэж үзэж байсан эмэгтэй хүний боломжийн хязгаарын талаар шинэ ойлголт өгсөн байна.

Saturday, January 11, 2014

46. Kүнз (Confucius)



"Хүн л замыг өргөсгөдөг. Харин зам хүнийг биш шүү" (http://heavensavor.blog.gogo.mn/read/entry241103)

Күнз (МЭӨ 551-479)



Хоёр мянга таван зуугаад жилийн өмнө Хятадад Күнз гэдэг "эртний зүйлст бүх сэтгэлээ өгсөн" нэгэн хүн амьдарч байлаа. Тэрээр эртний ёс заншлуудыг нэг бүрчлэн судлаад өөрийн бүх амьдралын бодол санаанаас эхлэн жижиг сажиг үйл хөдлөлөө хүртэл тэдгээрийн дагуу болгосон байна. Ертөнцийн бүтэц болон хүний мөн чанарын тухай тунгаан бодож үнэнийг хайхдаа Күнз эртнээс үе дамжин ирсэн уламжлалд тулгуурлаж байжээ.
Тэр Тэнгэрийн доор "хүчинд бус сайн сайханд тулгуурласан" улсыг байгуулахыг мөрөөдөж байв. Күнз энэ санаагаа амьдралд хэрэгжүүлж чадаагүй боловч өөрийн шавь нартаа дамжуулснаар тэд нар ирээдүй үед хадгалж үлдээсэн байна. Түүнийг нас барсны дараа гэгээнтэн гэж үзэх болсон ба сүүлд нь бүр бурхан болгон шүтэж эхэлжээ.
Европчууд Хятадад хүрч Күнзийн сургаальтай танилцаад түүнд Гэгээрлийн үеийн (the Enlightenment) рационал философитой маш төстэй байгааг олж харсан байна. Европт уг эрдэмтний нэрийг барууны маягаар Confucius гэж нэрлэдэг.

Friday, January 3, 2014

45. Карл Маркс (Karl Marx)



"Философичид янз бүрийн байдлаар ертөнцийг тайлбарласан байдаг. Гэтэл түүнийг өөрчлөх л гол асуудал шүү дээ"



XIX зууны эхний хагаст баруун Европт капитализм эрчимтэй хөгжиж байлаа. Түүний эхний шатанд тариачид болон жижиг хөрөнгөтнүүд бөөнөөрөө хоосрон ажилчин ангийн эгнээнд орж байв. Ажилчин ангийн дарамт тэр үед маш хэцүү байсан тул аргаа барсан хүмүүс мөлжигчдийн эсрэг бослого тэмцэл хийж байлаа.
Ажилчин ангийн хувьсгал хийх эрхийн онолын үндсийг германы залуу эрдэмтэн Карл Маркс гаргаж ирсэн байна. Улс төрийн эдийн засгийг шимтэн судалж байсан тэрээр хорин жил шургуу ажилласны үр дүнд үйлдвэрлэлийн капиталист аргын зүй тогтлын талаар дэлгэрэнгүй задлан шинжилгээг агуулсан "Капитал" гэсэн асар том бүтээлээ туурвижээ. Түүндээ Маркс социализм гэж нэрлэгдэх хүн нь хүнээ мөлждөггүй, шударга нийгмийг байгуулах сургаалийн шинжлэх ухааны үндэслэлийг тодорхойлсон байна.
Капиталист улсууд удахгүй хөгжинэ гэсэн тэр үеийн таамаглал нь батлагдаагүй боловч түүний онол нь XIX-XX зууны ниймгийн санаа бодолд хувьсгал хийжээ. Марксимзыг шүүмжлэгчид олон байдаг боловч нийгмийн шинжлэх ухааны салбарт Маркс нь хамгийн их иш татагддаг хүн хэвээр байсаар байна. Түүний ажлаас зөвхөн социалистууд ч биш капитализмыг хамгаалагчид ч ишлэл авсаар байгаа юм.