Monday, August 12, 2013

Android утсан дээрх "Long press" буюу "Удаан дарах" үйлдэл

Ухаалаг утас авсан зарим хүмүүс ухаад ухаад мессэжээ яаж өөр хүн руу явуулахыг (sms forward) меню дотроосоо хайгаад олохгүй байгаа харагддаг. Тэгээд болохгүй болохоор нь хуучин аргаа хэрэглэн текстээ дахин шивэх ч юм уу, арай ухаалаг утсандаа илүү гарамгай нь copy&paste үйлдэл ашигладаг.
Хүнээс ирсэн чухал мессэжийг олон хүнд явуулахад copy&paste арай л тохиромжгүй нь ойлгомжтой.Зарим нь бүр андроид үйлдлийн системтэй утсан дээр Forward гэж үйлдэл байдаггүй юм байна гээд утсаа худалдаж авсандаа бага зэрэг харамсаад авдаг.
"Хийморьтойд" нь харагддаг тэр "Forward" гэсэн командыг гаргаж ирэхийн тулд тухайн хүнээс ирсэн мессеж дээрээ удаан дарахад л хангалттай юм.

Thursday, August 8, 2013

Kindle Keyboard - ийн үсгийн хэмжээ

A4 хуудасны хэмжээтэй файлыг pdf болгоод киндл дээр уншина гэвэл микроскопон нүдтэй байх хэрэгтэй биз ээ. Харин яг киндлд таарсан хэмжээтэй болгоно гэвэл доорх тохиргоог ашиглаарай:

Фонт: Times New Roman
Фонтны хэмжээ: 12
Хуудсын өргөн: 8.5 см (3.35 инч)
Хуудсын өндөр: 11.4 см (4.49 инч)
Дээр, доор, баруун, зүүнээс авах зай: 1 мм (0.04 инч)

Жишээ болгон "Зуун жилийн ганцаардал" болон "Далайн хөвөөн дэх алаг хав толгой" номнуудыг оруулав.

26. Будда (Buddha)



"Буянтай хүмүүс алсаас Гималайн уулс шиг харагддаг бол нүгэлтэй хүмүүс шөнөөр харвасан сум шиг дэргэд ирсэн ч харагддаггүй"


(566?-486?)



Сиддхарта Гаутама нь хойд энэтхэгийн Шакья хаант улсын хаанхүү байжээ. Тэрээр гарамгай удирдагч болж болох байсан боловч энэ ертөнц дээр хажууд нь амьдралын бүх баяр баясгалан унтармаар их зовлон байгааг олж хараад эрх мэдэл, хөрөнгөнөөсөө татгалзан энгийн даяанч болон үнэний эрэлд гарсан байна. Мару чөтгөрийг ялсныхаа дараа агуу Будда болжээ. Дараа нь хүмүүст Дөрвөн үнэнийг сургахаар ертөнцөд буцан ирсэн байна. Түүнийг Шакьямуни (Шакьягийн мэргэн), Бхагавата (Үнэнийг өгүүлэгч), Татхагата (Тийн одсон), Сугата (Буянд одсон) болон Жин (Ялгуулсан) гэж нэрлэдэг.
Амьд байхдаа Гаутама Будда өөрийн үгсийг бичихийг хориглодог байсан байна. Зөвхөн насан өөд болохынхоо өмнө шавь нартаа дараа үед зориулан бичихийг зөвшөөрчээ. Гэхдээ зөвхөн зөв замаар, үнэн рүү тэмүүлж буй хүн л түүний шавь байх болно гэдгийг анхааруулсан байна.
Бүрэн гэгээрсэн түүнийг энэ ертөнцийг орхисны дараа түүний сургаал шашин болжээ. Хүмүүс түүнд зориулан маш олон сайхан сүм, дуган, хөшөө дурсгалыг барьж мөргөх болсон байна. Гэвч хүмүүс түүний ямар нэг ёс заншил, зан үйлийн эсрэг байсныг мартжээ.

Wednesday, August 7, 2013

25. Адольф Гитлер (Adolf Hitler)



"Намайг одоо үе юу гэж бодож байгаа нь хамаагүй. Харин ирээдүй надаас юу хүсч байгааг би мэдэж байгаа болохоор түүнийг биелүүлэхийг бид зорилгоо болгож байна!"




Герман улс дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсанаар тэнд үндэсний үзэл санаа ихээр дэлгэрч байв. Версалийн энхийн гэрээ ёсоор ялагдсан улсыг их гүрний тооноос хассан ба энэ нь хуучин цэргүүдэд хүндээ туссан бөгөөд тэд ийм ичгүүртэй гэрээнд гарын үсэг зурсан улстөрчдийг үзэн ядаж байлаа. Ингэснээр нацист хөдөлгөөн үүсэх таатай хөрс бүрджээ. Хөдөлгөөний удирдагч Адольф Гитлер эртний энэтхэг-европчуудын шууд удам буюу арийчууд гэж үзэж байгаа герман үндэстнийг нэгдүгээр үндэстэн гэдэгт итгэлтэй байв. Түүний бодлоор цыган, еврей болон славян гэх мэт "бохир" төрлийн үндэстнүүд нэг бол байх эрхгүй эсвэл "цэвэр" үндэстний үр удамд үйлчлэх ёстой байлаа.
Засгийн эрхэнд гарсныхаа дараа Гитлер энэ галзуу бодлоо практик дээр хэрэгжүүлэхийн тулд дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөн байна. Дэлхий дээр шинэ дэг журам тогтоох гэсэн оролдлого нь бүтэлгүй болсон ба амь үрэгдсэн болон конц-лагерт зовсон олон сая хүний тухай дурсахдаа энэ аймшигт үеийг даван туулсан хүмүүс "Гитлер", "дайн" болон "үхэл" гэсэн үг адил утгатай хэрэглэх болжээ.

Sunday, August 4, 2013

24. Юлий Цезарь (Julius Caesar)



"Бүгд найрамдах улс гэдэг бол юу ч биш. Тэр бол биегүй, нүүргүй хоосон нэр юм"


(МЭӨ 100-44)



Алдартай түүхэн хүмүүсээс цөөхөн хэдийнх нь нэр ямар нэг зүйлийн нэр болгож үлдсэн байдаг. Ийм хүмүүсийн нэг нь МЭӨ I зууны үеийн ромын улстөрч Гай Юлий Цезарь юм.
Түүний овог болох "Caesar" гэсэн үгнээс хаан гэсэн утгатай оросын "царь", германы "кайзер" гэсэн үгс үүссэн байдаг. Харин Цезарь өөрөө огт хаан байгаагүүй юм. Үүнээс гадна МЭӨ I зууны үед ромд гарсан улс төрийн тэмцэлд тэрээр ардчилсан чиглэлийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байжээ. Гэвч амьдралынхаа төгсгөлд өөрийн гарт бүх эрх мэдлийг цуглуулсныхаа дараа хуйвалдааны золиос болсон байна. Цезарийн нэр хүндийг ашиглан түүний ач Октавиан улсын эрхийг гартаа авч Ромын эзэнт гүрнийг байгуулжээ.
Юлийгийн удмын эхний эзэн хаанаас эхлэн "Цезарь" гэсэн нэрийг ашиглаж эхэлсэн байна. Энэ нь бараг 2000 жил үргэлжилсэн уламжлалыг бий болгожээ.

Saturday, August 3, 2013

23. Элвис Пресли (Elvis Presley)



"Үнэн гэдэг бол нартай адилхан юм. Түүнийг хэсэг зуур халхалж болох боловч үүнээс болоод тэр хаашаа ч алга болдоггүй"



Дэлхийн хоёрдугаар дайны дараах эхний арван жилд эцэг хүүгийн хоорондын мөнхийн зөрчил дахин хурцдав. Залуу үе арьс өнгөөр ялгаварлах зэрэг үеэ өнгөрөөсөн хуучин нийгмийн үзэл бодлуудтай эвлэрэхийг хүсэхгүй байлаа. Тэд юм бүрээрээ, тэр тусмаа хөгжмөөрөө ялгарахыг хүсч байв. Ингээд маш ардчилсан, хүн бүхэнд зориулагдсан бүжгийн төрөл болох рок-н-ролл үүсчээ. Дээр нь түүний дотор цагаан арьст ажилчин залуусын хөгжим хар арьстнуудын хэмнэл, аялгуутай холилдсон байв. Хөгжмийн энэ төрлийн тэргүүлэгч нь залуу дуучин Элвис Пресли байлаа.
Тэр ядуу гэр бүлд төрсөн боловч хөгжмийн Олимпийн оргилд хүрч "америк мөрөөдлийг" амьдрал дээр хэрэгжүүлжээ. Тэр хүссэн зүйлээ яаж хүсч байгаагаараа дуулж байв. Тэр өөр хэнтэй ч андуурагдахааргүй байсан ба шүтэн бишрэгчид нь түүнийг зүгээр л нэрээр нь "Элвис" гэж нэрлэдэг байлаа. Одоог хүртэл, Преслиг нас барснаас олон жилийн дараа ч ертөнц даяараа түүний хөгжимд бүжиглэсээр байна.

Thursday, August 1, 2013

22. Нострадамус (Nostradamus)



"Би амьд ч амьгүй ч байсан үхэшгүй мөнх байх болно. Миний дараа миний нэр Ертөнц даяар удаан амьдрах болно."




XVI зууны үед Францад Нострадамус нэртэй эмч амьдарч байв. Тэрээр улс орныг нь сүйрүүлж байсан тахлын эсрэг эм хайж байсан ба аймшигт өвчинтэй хийсэн тэмцэлдээ нэлээн амжилт олжээ. Гэвч эмч өөрийн гэр бүлээ хамгаалж чадаагүй бөгөөд эхнэр болон хоёр хүүхдээ алдсан байна.
Магадгүй энэ явдал түүний зөнчийн нууцлаг чадварыг сэрээсэн байж болох юм. 1555 онд Нострадамус ирээдүйн тухай бичсэн "Центурии" номоо хэвлүүлсэн байна. Тодорхойгүй агуулга болон хэлбэр бүхий дөрвөн мөрт шүлгүүдээр зохиолч хүмүүст юу болж өнгөрөхийг өгүүлсэн. Хэзээ болохыг нь яг хэлсэн хамгийн сүүлийн үйл явдал 1999 онд болжээ.
Удалгүй түүний хэлсэн зүйлс биелэгдэж эхлэв: ер нь тэр үеийн хүмүүс болон дараагийн үеийнхэнд тэгж санагдахаар байсан байна. Тэр үеэс одоог хүртэл хүмүүс түүний ойлгомжгүй хэлсэн зүйлсийн утгыг тайлахыг оролдох болжээ. Жил бүр тайллуудын тоо өсч байгаа боловч харамсалтай нь тэдгээрийн ихэнх нь хэт хуурмаг бөгөөд тайлбарлагчдын мэдлэггүй байдлыг харуулдаг байна.