Wednesday, June 12, 2013

10. Кеннеди (John F. Kennedy)



"Эх орон чинь чамд юу өгч чадах талаар битгий асуу. Чи эх орондоо юу өгч чадах талаар асуу"

Жон Кеннеди



Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Баруун болон Зүүний хооронд тайвнаар сөргөлдөх үе эхэлжээ. Америкийн нэгдсэн улс тэргүүлэх капиталист улсын хувьд хүчтэй удирдагчтай болох шаардлагатай байв. Яг энэ үед тайзны голд Жон Кеннеди гарч ирсэн байна. Номхон далай дээрх байлдааны ажиллагааны баатар түүний хувьд улстөрийн ертөнцөд Америкийг хүчтэй байлгах талын үзэлтэйгээр орж иржээ. Америкийн 35 дахь ерөнхийлөгч болоод Кеннеди "шинэ хязгаарууд" гэж нэрлэгдэх хөтөлбөрийг дэвшүүлсэн байна. Ерөнхийлөгч байх хугацаандаа Вьетнамын дайн, Карибын хямрал, "Аполлон" хөтөлбөр зэрэг ямар ч хүнд байдалтай тулгарсан хүчтэй улстөрч гэдгээ харуулжээ. Кеннеди ард түмэндээ сайн сайхныг авчирч чадах орчин үеийн үлгэрийн америк "сайхан хаанхүү"-гийн дүр болж чадсан байна. Гэвч энэ үлгэрийг алуурчны сум тасалдуулсан ба үүний дараа маш олон асуултуудыг үлдээжээ. Гаднаасаа бол Кеннедийн хувь заяа маш сайхан байсан мэт санагдахаар байлаа. Харин үнэн хэрэгтээ ийм байж чадсан уу?

Tuesday, June 11, 2013

9. Галилей (Galileo Galilei)



"Ямар ч үнэн зүйлийг нээсэн хойно нь ойлгоход амархан. Хамгийн хэцүү нь тэднийг нээх л байдаг."



XVI зуунд Европт Шинэчлэл гэж нэрлэгдэх шашны хөдөлгөөн дэлгэрч байлаа. Уг хөдөлгөөн нь дундад зууны үед хүн болон Бурхны тухай бүх асуудалд дээд шүүх хэлбэрээр ажиллаж байсан харгис байгууллага болох Католик сүмийн эсрэг чиглэсэн байв. Дахин сэргэлтийн үед хүрсэн дэвшлүүд байсан боловч ромын папын амьдарч байсан Ватиканы байрлаж байгаа Италид шашны хуучин үзэл санаа хүчтэй ноёлсон хэвээрээ байлаа. Мөн энэ улсад нэрт эрдэмтэн-шинэчлэгч Галилео Галилей төржээ. Залуудаа Галилей лам болох гэж байсан боловч үүний оронд өөр, шинжлэх ухааны замыг сонгосон байна. Католик шашинтай байсан Галилей Бурхны бүтээсэн ертөнцийг ойлгох шинэ замыг бүтээхийг оролджээ. Гэвч тэрээр өөрийн эх орон нэгтнүүдийн зүрх, оюун ухаанд нөлөөлсөн сүмийн хүчийг дутуу үнэлсэн байна. Түүний найз, шүтэн бишрэгч байсан VIII Урбан пап лам нь түүнийг сүмийн номлолд харшилсан өөрийн үзлээ тараасан тэрс үзэлтэн гэж үзэн католикийн эрүү шүүлтэнд өгчээ. Гэвч Галилей сүмийн ноёлох байдалд үхлийн цохилт өгч чадсан байна. Түүнээс хойш олон нийтийн ертөнцийг үзэх үзэлд эрчимтэй өөрчлөлтүүд гарч эхэлжээ. Иргэний шинжлэх ухаанууд үүсч тэдгээрийн нэгний эцэг нь Галилео Галилей болжээ.
Энэ нэрт эрдэмтний амьдрал ямар байв?

Monday, June 10, 2013

8. Моцарт (Wolfgang Amadeus Mozart)



"Хөгжим надад нэвчсэн. Би хөгжмөөр дүүрэн байна"



Арван наймдугаар зуун бол эрх баригчид урлагийн сайхныг дэмждэг үе байлаа. Энэ зууны дундуур Австри улсад хөгжмийн суут төлөөлөгч мэндэлжээ. Энэ хүүгийн авъяас маш бага насанд нь илэрсэн ба бүх Европ түүний "тэнгэрийн хөгжмийг" шагшин магтаж байв.
Тэр хөгжмийг одоо болтол "мөнхийн" гэж нэрлэсээр байдаг. Гэвч тэр үеийн хүмүүс хөгжмийн зохиолчийн бүтээлийг зохих ёсоор нь үнэлээгүй юм. Тэрээр үе үе мөнгөгүй болж байсан боловч өөрийн сүүлийн өдрийг хүртэл бүтээлүүдээ туурвиж ирсэн ба сүүлд нь дэлхийн хөгжмийн урлагийн сор гэж хүлээн зөвшөөрөгдсөн байна.
Харин амьдрал дээр тэр ямар хүн байв? Түүний гэгээлэг хөгжмүүд нь түүний зан чанарыг харуулж байсан уу? Эсвэл Моцарт амьдрал дээр жирийн л нэг хүсэл мөрөөдөл, сул талтай хүн байв уу?

Wednesday, June 5, 2013

7. Чаплин (Charlie Chaplin)



"Амьдралыг томруулж харах юм бол эмгэнэлтэй, харин холоос харахад инээдэмтэй байдаг."



XIX зууны сүүлд үүссэн кино нь хорьдугаар зуун гэхэд эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. Энэ үед дуугүй киноны маш олон одод гарч ирсэн боловч "агуу дуугүй" ярьж эхэлсний дараа бараг бүгд дэлгэцнээс алга болжээ. Ганцхан од үлдсэн нь Чарли Чаплин байлаа.
Дуугүй киноны гурван том оддын нэг тэрээр уг чиглэлийг жинхэнэ урлагт илүү ойртуулж, дуутай кинотой хослуулж чадсан байна.
Дэлгэцэн дээр Чаплин үргэлж хошин шогийн жүжигчин байж дэлхийн бүх хүмүүсийг нулимсыг нь гартал инээлгэдэг байсан боловч амьдрал дээр бол хүүхэд насны эрт үед сэтгэлийнхээ гүнд үүссэн гунигт автсан огт өөр хүн байлаа. Үзэгчдийг шалан дээр унатал, нулимсыг нь гартал инээлгэн сайн сайхны төлөө найдварыг төрүүлдэг байсан энэ хүн үнэн хэрэгтээ хэн байв?

6. Ганди (Mahatma Gandhi)



"'Нүдний төлөө нүдийг нь' гэсэн зарчим бүх дэлхийг сохор болгоно"



XIX зууны төгсгөлд Энэтхэг улс британийн колони хэвээрээ байлаа. Колоничлогчид нутгийн ард түмнийг дуулгавартай байлгахын тулд цэргийн хүчийг ашиглаж байв. Энэтхэгчүүд ямар ч гарцгүй байдалд орсон мэт байлаа. Тэдний үндэстэн гэдэг утгаараа оршин байх утга алдагдсаар байв. Харин тэр үед тэдэнд эр зориг, эх орноороо бахархах сэтгэлийг нь сэрээж, эрх чөлөөнд хүрэх замыг зааж өгсөн нэг хүн гарч ирсэн байна. Тэмцэгчийн нугаршгүй эрч хүчтэй, өөрийн философийн зарчимдаа үнэнч энэ хүн эх орноо чөлөөлөх хөдөлгөөнийг толгойлж, хүчирхийллийн эсрэг хүч хэрэглэлгүйгээр тэмцэхийг уриалжээ. Түүнийг "Энэтхэгчүүдийн эцэг", Махатма Ганди гэдэг байлаа.
Тэр энгийн хувцас өмсч, эр зоригтой, шударга, үнэнч байсан ба бусдаас ч үүнийг шаарддаг байжээ. Энэтхэгийн өнцөг булан бүрээр явж хүч хэрэглэхгүй байх санааг тарааж явахдаа үргэлж эсрэг нь тэмцэж байсан зүйлийнхээ золиос болсон байна.
Ганди өөрийн ард түмнийг ямар амьдралаар амьдрахыг уриалж байв?

Monday, June 3, 2013

5. Шекспир (Shakespeare)



"Төрөхдөө бид хашгиран, тэнэглэлийн тайзан дээр гарч ирдэг"



I Елизаветын (1558-1603) хаанчлалын үед Англи улс алтан үедээ оржээ. Энэ үе бол яруу найрагч, зохиолч Уильям Шекспир хэмээх уран зохиолын болон театрын ертөнцийн хурц шинэ од гарч ирсэн гэдгээрээ онцлогтой юм. Тэрээр дэлхийн театрын урлагийн хөгжлийн цаашдын хувь заяаг голчлон тодорхойлсон байна. Цаг үе болгон түүний шүлгүүдээс шинэ утга санааг олж байдаг. Шекспирийн бүтээлүүд нь алдартай жүжигчид, найруулагчид, зураач, хөгжмийн зохиолч болон зохиолчдын хувьд онгодынх нь дуусашгүй эх булаг юм. Шекспир дэлхий дахинд алдартай байсан боловч утга зохиолын ертөнцийн хамгийн нууцлаг хүмүүсийн нэг байсан. Мартагдашгүй бүтээлүүдийн зохиолчийн тухай маргаан одоог хүртэл үргэлжилсээр байдаг.

Saturday, June 1, 2013

4. Македонийн Александр (Alexander the Great)



"Зевс Олимпын эзэн. Бусад нь минийх."



МЭӨ 356-323

Хорин насандаа жижиг улсын хаан болсон Македонийн Александр гучин насандаа агуу том гүрнийг захирч байв. Өөрийгөө бурхнаас илгээгдсэн гэдэгт итгэдэг байсан түүнийг амьд байхад нь домог болгон ярьдаг байжээ. Александр өөрийн байлдан дагуулалтаараа гурван тивийн соёлыг агуулсан онцгой уламжлал үүсэх хөрсийг үүсгэсэн юм.Ялагдашгүй Александрын дүр дараагийн үеийнхэнд нь үлгэр жишээ болж байсан бол түүний дараалсан ялалтуудын нууцыг тайлах гэж эрдэмтэд тархиа гашилгадаг байна. Александр залуу наснаасаа эртний Грекийн домгийн баатруудтай алдар нэрээрээ өрсөлдөж ирсэн бол амьдралынх нь төгсгөлд түүнийг амьд бурхан хэмээн өргөмжилжээ.