Tuesday, December 10, 2013

Facebook Hacker Cup 2013. Бодлого Альцгеймер

Альцгеймер
Та N ширхэг ачтай ба ач нартаа төрсөн өдрөөр нь настай нь тэнцүү тооны доллар өгдөг (шинэ төрсөн ач нартаа 0 доллар өгдөг).
Элли гэдэг нэг ач чинь төрсөн өдрөөр өгөх долларын шинэ схем бодож олсон: “Хэрэв дурын хоёр ач өөрсдийн авсан долларын хэмжээг харьцуулж үзвэл хоёулаа К тоонд хуваагддаг байна. К-гаас их бөгөөд хоёуланг нь хуваадаг бүхэл тоо олдохгүй”.
Ингэснээр ач бүр дор хаяж хуучин схемээр авч байсан доллараа авна.
0 гэдэг тоо бусад бүх тоондоо хуваагдана.
Та хөгшрөөд альцгеймерийн өвчтэй болсон тул эдгээрийг тооцоолох програм ашиглахаар шийдсэн.
Оролт
Эхний мөрөнд тестийн тоо болох Т бүхэл тоо байрлана.
Тест бүрийн эхний мөрөнд N болон K тоонууд байрлана.
Дараагийн мөрөнд ач нарын чинь насууд болох N бүхэл тоо байрлана: A1, A2, ..., AN.
Гаралт
i – р тест бүрийн хувьд “Case #i: “ гээд настай нь тэнцүү мөнгө өгч байсан дээр хамгийн багадаа ямар хэмжээний мөнгө нэмж болохыг харуулсан бүхэл тоог гаргана.
Хязгаарлалтууд
1 ≤ T ≤ 20
2 ≤ N ≤ 20
1 ≤ K ≤ 20
0 ≤ Ai ≤ 50
Жишээ
Эхний жишээн дээр та хэн нэгэнд 2-ыг өгөөд нөгөөд нь 3-ыг өгнө. Нийт 5 болно. Хуучин схемээр бол хоёулаа 2-ыг аваад нийт 4 болох байсан. Хариу нь 5-4=1 юм. Та хоёуланд нь 2-ыг өгч чадахгүй ба учир нь тэр хоёрын мөнгө хоёулаа 1-ээс гадна 2-т хуваагдах болно.
Хоёр дахь жишээн дээр нэг боломжит шийд нь 3, 7, 5, 16-г өгөх ба нийт 31 болно. Хуучин схемээр бол 28-ыг өгөх байсан тул хариу нь 31-28=3.
Гурав дахь жишээн дээр бүх мөнгө 3-т хуваагдаж байх ёстой. Нэг боломжит шийд нь 6, 21, 51 юм. Энэ нь тэдний насны нийлбэрээс 6-гаар их юм. 6, 18, 51 нь гуравт хуваагдах боловч 6, 18 хоёр нь 6-д ч бас хуваагдах тул энэ нь зөв шийд биш юм.
5
2 1
2 2
4 1
2 7 5 14
3 3
5 18 49
3 1
1 2 3
4 2
0 0 1 2
Case #1: 1
Case #2: 3
Case #3: 6
Case #4: 0
Case #5: 3

Facebook Hacker Cup 2013. Бодлого АААААА

AAAAAA
Элийн тоглоомын газрыг AAAAAA гэдэг ба хүмүүс маш ихээр ирдэг.
Үйлчлүүлэгчид машины зогсоол дээр урт дараалал үүсгэн зогсдог. Эл аль болох олон хүнийг зогсоол дээрээ багтаахыг хүсч байгаа. Харин хүмүүс хэтэрхий их мушгиралдсан дараалалд зогсохыг хүсдэггүй.
Зогсоолыг тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд нүднүүдээс тогтоно гэж үзэж болно. Орох хаалга нь зүүн дээд талын буланд байрлана. Бүх дараалал эндээс эхэлнэ. Зогсоол дээр машинууд байж болох ба тэдгээрийг ‘#’ тэмдгээр тэмдэглэнэ. Үйлчлүүлэгчид машин дээр гарч чадахгүй. Бусад нүднүүдэд ‘.’ тэмдэгт байрлана. Хэрэглэгчдийн хүсэлтээр дараалал үргэлж доош болон баруун чиглэлд үргэлжилнэ. Мөн хэрэглэгчид нь нэг буулт хийсэн нь нэг дараалалд ганц ширхэг, үргэлжилсэн дээш чиглэсэн хэсэг эсвэл ганц ширхэг зүүн тийш чиглэсэн үргэлжилсэн хэсгийн аль нэг нь байж болно гэсэн нөхцөл юм. Энэ хоёр үргэлжилсэн хэсэг нэг дараалалд хоёулаа байж болохгүй.
Дараалал нь эдгээр дөрвөн чиглэлд л үргэлжилнэ. Диагоналиар явахгүй.
Сул зай бүрт ганц л үйлчлүүлэгч багтах ба дараалсан хоёр үйлчлүүлэгч хоорондоо хөрш нүднүүдэд байрлана. Дараалсан хоёр үйлчлүүлэгч хоорондоо зайтай, тасарсан байж болохгүй.
Оролт
Эхний мөрөнд тестийн тоо болох Т бүхэл тоо байрлана.
Тест бүрийн эхний мөрөнд тэгш өнцөгтийн мөр болон баганын тоог илэрхийлэх N, M бүхэл тоонууд өгөгдөнө.
Дараагийн N ширхэг мөрөнд яг M ширхэг тэмдэгт бүхий тэмдэгт мөр байрлана.
Гаралт
i-р тест бүрийн хувьд зүүн дээд өнцгөөс эхлэн байрлуулж болох хамгийн урт дарааллын хэмжээг “Case #i: “ гэсний дараа гаргана.
Хязгаарлалт
1<=T<=20 1<=N, M<=500 Тэгш өнцөгт дэх тэмдэгтүүд ‘#’ эсвэл ‘.’ байна. Зүүн дээд булангийн тэмдэгт дандаа ‘.’ байна.

Жишээ оролт
5
5 5
.....
.....
.....
.....
.....
1 10
..........
5 5
...#.
...#.
...#.
...#.
.....
3 3
..#
#.#
...
3 8
........
#.#.#.#.
#.#.#.#.
Жишээ гаралт
Case #1: 17
Case #2: 10
Case #3: 17
Case #4: 5
Case #5: 10

Friday, November 29, 2013

44. Соитира Хонда (Soichiro Honda)



"Амьдрал богинохон. Бидэнд байгаа хязгаарлагдмал хугацааг ашиглан зорилгодоо хүрэхийн тулд бидэнд хурд хэрэгтэй"



Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсан нь Японы эдийн засаг болон үндэсний үзэлд нь аймшигтай цохилт болсон байна. Америкчуудын атомын бөмбөгдөлд тэднийг сэтгэлзүйн хувьд нухчин дарах шиг болсон боловч тэд гайхамшигтай богино хугацаанд улс ардын аж ахуйгаа сэргээгээд зогсохгүй эдийн засгийн хувьд өмнө нь байгаагүй өсөлтөнд хүрчээ. Иргэдийнх нь уйгагүй хөдөлмөр, нэгдмэл байдал дэг журмын ачаар 1960 он гэхэд л эдийн засаг болон техникийн салбарт итгэмээргүй үсрэлтэнд хүргэсэн байна. "Эдийн засгийн гайхамшгийн" үеийн бүтээн байгуулагчдын нүүр царай Соитиро Хонда байлаа.
Өөрийн гэсэн мотоциклийн загварыг бүтээсэн энэ инженер өөрийн технологийн ур чадварыг улам сайжруулан уралдааны зам дээр өөрийн гараар туршилт хийдэг байжээ. Өөрийн бүх шинэ санааг шууд амьдрал дээр хэрэгжүүлдэг байсан түүний гараас ар араасаа шинэ машинууд гарч байв. Ингэж Хонда дэлхийд тэргүүлэх мотоцикл болон машин үйлдвэрлэгчдийн нэг болж чаджээ.

Saturday, November 9, 2013

Бодлого С. Систем

Бодох линк: http://acm.timus.ru/problem.aspx?space=1&num=2002

Дараах гурван үйлдлийг гүйцэтгэдэг програм бич:
1. "register username password" - "username" гэсэн хэрэглэгчийг бүртгэж түүнд "password" гэсэн нууц үг олгох. Хэрэв ийм хэрэглэгч өгөгдлийн санд байвал «fail: user already exists» гэсэн мэдээлэл гаргана. Эсрэг тохиолдолд «success: new user added» гэж хэвлэнэ.
2. «login username password» - "username" хэрэглэгчийг системд «password» нууц үгээр нэвтрүүлэх. Хэрэв өгөгдлийн санд ийм хэрэглэгч байхгүй бол «fail: no such user» гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд, хэрэв буруу нууц үг оруулсан бол «fail: incorrect password» гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд, хэрэв хэрэглэгч системд өмнө нь нэвтэрчихсэн байвал «fail: already logged in» гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд «success: user logged in» гэж хэвлэнэ.
3. «logout username» - "username" хэрэглэгчийг системээс гаргах. Хэрэв ийм хэрэглэгч байхгүй бол «fail: no such user» гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд, хэрэв хэрэглэгч өмнө нь гарчихсан байвал «fail: already logged out» гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд «success: user logged out» гэж хэвлэнэ.

Оролт

Эхний мөрөнд үйлдлийн тоо болох n тоо өгөгдөнө(1 ≤ n ≤ 100). Дараагийн n ширхэг мөрөнд дээрх форматтай үйлдлүүд байрлана. «username» болон «password»-ын оронд 30 хүртлэх тэмдэгтийн урттай дурын хоосон биш тэмдэгт мөр байж болно. Тэмдэгт мөр нь зөвхөн 33-126 кодтой тэмдэгтүүдээс тогтоно.

Гаралт

Үйлдэл бүрийн хувьд дээрх форматаар гаралтыг хэвлэнэ. Хоосон зай болон бусад тэмдэгтүүдийг сайтар анхаарч хэвлэнэ.

Жишээ оролт

6
register vasya 12345
login vasya 1234
login vasya 12345
login anakin C-3PO
logout vasya
logout vasya

Жишээ гаралт

success: new user added
fail: incorrect password
success: user logged in
fail: no such user
success: user logged out
fail: already logged out

Бодлого F. Такси

Бодолт илгээх

Миша ах сургууль дээрээс нь Кирилл, Илья, Паша, Олег нарыг гэрт нь машинаараа хүргэж өгөөд өөрөө гэртээ харих гэж байгаа. Паша Олег хоёр ойрхон амьдардаг, Илья хамгийн сүүлд гэртээ хүргүүлэхийг хүсэхгүй байгаа. Газрын зураг дээр сургууль (1), Кириллийн (2), Ильягийн (3), Паша болон Олег нарын гэр (4), Миша ахын гэрийг(5) тэмдэглэсэн. (1)-ээс гараад (5) дээр дуусах хамгийн богино замыг ол. (3) цэг нь сүүлийн цэгийн өмнөх байж болохгүй.

Оролт

Цэгүүдийн хоорондох зайн массив өгөгдөнө. Уг массив таван мөр, таван баганатай. i-р мөрийн j-р баганын тоо нь i-р болон j-р цэгүүдийн хоорондох зай юм(1 ≤ i, j ≤ 5). Бүх зай нь метрээр өгөгдөх ба сөрөг биш бүхэл тоо байна. Мөн тэдгээр нь 10000-аас хэтрэхгүй. Ямар ч цэгээс уг цэг хүртлэх зай нь тэгтэй тэнцүү, ямар ч хоёр цэгийн хооронд аль ч чиглэлд явсан ижил зайтай байна. Мөн ямар ч хоёр цэгийн хооронд шууд явах зай нь гуравдагч цэгээр дамжин явах зайнаасаа их биш байна.

Гаралт

Хоёр мөр мэдээлэл гаргана.
Эхний мөрөнд хамгийн оновчтой замын нийт урт байна.
Хоёр дахь мөрөнд цэгүүдийг дайрч өнгөрөх дараалал болох таван бүхэл тоо байна. Хэрэв бодлого олон зөв шийдтэй бол аль нэгийг нь гаргана.

Жишээ оролт

0 2600 3800 2600 2500
2600 0 5300 3900 4400
3800 5300 0 1900 4500
2600 3900 1900 0 3700
2500 4400 4500 3700 0

Жишээ гаралт

13500
1 2 3 4 5

Бодлого L. Үг

Бодох линк: http://acm.timus.ru/problem.aspx?space=1&num=2011

Никитад а, б болон в үсгүүд нийтдээ n ширхэг байгаа. Эдгээр үсгүүдийг бүгдийг нь ашиглан n урттай үг ядаж 6 ширхэгийг үүсгэж болох эсэхийг ол.

Оролт

Эхний мөрөнд нийт үсгийн тоо n өгөгдөнө (1 ≤ n ≤ 100).
Хоёр дахь мөрөнд үсгүүдийг илэрхийлэх n урттай 1-3 хүртлэх тоон дараалал байна. 1 нь а үсгийг, 2 нь б, 3 нь в үсгийг илэрхийлнэ.

Гаралт

Хэрэв Никита n урттай ядаж 6 ялгаатай үг үүсгэж чадах бол Yes үгүй бол No гэж хэвлэнэ.

Жишээ оролт

6
1 2 2 3 3 3

Жишээ гаралт

Yes

Бодлого В. Математикчид ба жимс

Бодох линк: http://acm.timus.ru/problem.aspx?space=1&num=2001

Хоёр математикч ойд очиж жимс түүжээ. Дараа нь сагстай жимснүүдээ жигнэж үзэхэд харгалзан a1 болон b1 жинтэй байв. Хоёр дахь математикч бүх жимсээ сагсаа хоосортол нэг дэх математикчийн сагс руу юүлээд дахин жигнэхэд жин нь харгалзан a2 болон b2 болжээ. Дараа нь нэг дэх математикч сагсан дахь бүх жимсээ хоёр дахь математикчийн сагс руу юүлэхэд жин нь харгалзан a3, b3 болсон байна. Анх нэг дэх болон хоёр дахь математикчийн сагсанд хэр жинтэй жимс байсныг ол.

Оролт

Оролт нь гурван мөрнөөс тогтоно. i-р мөрөнд (1 ≤ i ≤ 3) ai болон bi тоонууд байрлана (0 ≤ ai, bi ≤ 10 000).

Гаралт

Ганц мөрөнд нэг дэх болон хоёр дахь математикч хэр их жимс цуглуулсныг илэрхийлэх хоёр тоог гаргана.

Жишээ оролт

1 2
2 1
0 3

Жишээ гаралт

1 1

ОХУ-ын Урал мужийн дунд сургуулиудын програмчлалын онлайн олимпиад

http://acm.timus.ru/problemset.aspx?space=170

Хугацаа: 15.00-20.00

Sunday, November 3, 2013

43. Бетховен (Ludwig van Beethoven)



"Хөгжим бол оюун ухаан болон мэдрэхүйн хооронд зуучлагч юм"



XVIII зууны үеийн хөгжмүүдийг ихэвчлэн ордны хөгжмийн зохиолчид бүтээж байсан ба тэдгээр нь баячуудыг хөгжөөхөд зориулагддаг байсан тул хөгжимчид "шалгарсан", тэдэнд таалагдах хөгжмийн чиглэлүүдийг сонгодог байв. Тэдний ихэнх нь өөрийгөө илэрхийлэх хөгжмийг зохиох эрхгүй уран бүтээлчид байжээ. Ордны хөгжмийн зохиолчийн хувь тавилантай эвлэрэхийг хүсээгүй цөөн хүмүүсийн нэг нь Людвиг ван Бетховен юм. Францийн их хувьсгалын үзэл санааг дэмжигч байсан тэрээр чөлөөтэйгээр сэтгэж өөрийн хүмүүнлэгийн үзэл санаагаа урлагаар дамжуулан илэрхийлсэн хөгжмийг зохиож байжээ. Сонсолгүй болсон ч түүний уран бүтээлийн өсөлт хөгжил зогсоогүй байна.

Friday, October 25, 2013

2013 оны хаврын магистр оюутнуудын ЭШХ-ын өгүүллүүд

11 сард болох магистр оюутны ЭШХ-д бэлтгэхдээ ашиглана уу. Энд дарж татаж авна.

1. Б. Сод-Од, А. Эрдэнэбаатар, Эмнэлгийн мэдээллийн систем ба тэдгээрийн харьцуулсан судалгаа
2. А. Пүрэв-Ёндон, Ч. Эрдэнэбат, Найдвартай мобайл апп хөгжүүлэх нь
3. Б. Баясгалан, А. Эрдэнэбаатар, Ч. Эрдэнэбат, Гаалийн автоматжуулсан системийн мэдээллийн аюулгүй байдлыг хөгжүүлэх нь
4. Д. Халиунаа, Д. Золбоо, Шатахуун түгээх станцын борлуулалтын бүртгэлийн системийг нэвтрүүлэх нь
5. Б. Удвалцэцэг, Б. Батзолбоо, Монгол хэлэнд олон утгатай үгийн зөв утгыг тодорхойлох
6. Б. Гүндсамбуу, Б. Батзолбоо, Монгол хэлний үг зүйд машин сургах аргыг ашиглах нь
7. Ч. Ганбаатар, Б. Батзолбоо, Авто машины дугаар таних системийг хөгжүүлэх асуудалд

Monday, October 7, 2013

42. Толкиен (John Ronald Reuel Tolkien)



"Би хувьдаа итгэх онцын хүсэлтэй байгаагүй. Би мэдэхийг хүсч байсан."



XIX зууны эцэс, XX зууны эхээр Англид хүүхдийн уран зохиолын хэд хэдэн шилдэг бүтээлүүд гарсан ба тэдгээр нь энэ төрлийг хөгжүүлэхэд нөлөөлөөд зогсохгүй "насанд хүрэгчдийн" сонгодог номуудын дунд өөрийн зүй ёсны байраа эзэлсэн байна. Тэдгээрийн жишээгээр Льюис Кэрроллын "Алиса Гайхамшгийн Оронд" болон Жеймс Барригийн "Питер Пэн"-ийг дурдахад хангалттай юм.
Эдгээрийн дунд оксфордын профессор, англи хэлний болон герман домгийн түүхийн мэргэжилтэн Жон Рональд Руэл Толкиений "Хоббит" болон "Бөгжний эзэн"-ий гурвал зохиолууд онцгой байр суурийг эзэлдэг. Энэ бүтээлүүд хэвлэгдсэнээр маш их шуугиан тарьсан ба уншигчдыг зохиолчийн гол бүтээл болох "Сильмариллион" туульд бэлтгэж өгсөн юм.
Толкиений зохиосон тайван амьдралд дуртай хоббитууд, гайхамшигт ард түмэн эльфүүдийн назгул болон луунуудтай цуг оршин байгаа ертөнц нь өнгөрсөн зууны сүүлийн хагасын техникийн болон компьютерийн хөгжлийн тусламжтайгаар олон хүмүүсийн хувьд байж болохуйц өөр нэг ертөнц гэж санагдах болжээ.

Friday, October 4, 2013

41. Альфред Нобель (Alfred Nobel)



"Миний мянга мянган санаануудаас нэг ядаж нэг нь сайн сайхан зүйлд хэрэглэгдвэл би баяртай байх болно"



XVIII зуунд англид үйлдвэрлэлийн хувьсгал гарч дэлхий даяар түргэн тархжээ. Шинэ технологиуд эрчимтэй гарч ирж байлаа. Уурын хөдөлгүүр, цахилгаан мэдээ, автомашин гэх мэт орчин үеийн соёл иргэншлийг бүрдүүлсэн олон зүйлсийг зохион бүтээсэн байна. Уулын олборлох үйлдвэрийн хөгжилд динамитыг гарган авсан явдал асар их нөлөө үзүүлсэн юм. Түүнийг XIX зуунд шведийн химич Альфред Нобель нээжээ. Өөрийн тэслэх чадвараараа динамит тэр үеийн тэсрэх бодисуудаас харьцангуй хүчтэй байв. Удалгүй динамитыг нүхэн гарц тавихад ашиглах болсноор төмөр замын сүлжээний хөгжилд чухал нөлөө үзүүлсэн байна.
Нобелийн зохион бүтээсэн тэсрэх бодисыг цэргийнхэн зэвсэглэлд ашиглах болжээ. Динамитыг ашиглан хүний амь хөнөөх болов. Зохион бүтээгч өөрийн бүтээлийг ингэж ашиглаж байгааг үзээд цочирдсон байна. Тэрээр Нобелийн шагналыг санаачилсан ба түүнийг нас барснаас хойш дэлхий дахины энх тайвны төлөө үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулсан эрдэмтдийг түүгээр шагнадаг болсон юм.

Thursday, August 29, 2013

40. Лев Толстой (Leo Tolstoy)



"Баяр баясгалантай ч юм шиг тэгснээ эргээд цөхрөл гунигтай, амьдрал ямар ч гарцгүй гэдгийг мэдрэх байдалд би ганц хоёр удаа биш, зуу, мянган удаа орж байсан"



Лев Николаевич Толстойн нэрийг дэлхий дахин мэддэг. Оросын агуу зохиолчдын нэг тэрээр ном бичих ажлыг өөрийн үндсэн ажлын хажууд "туслах ажил" гэж үздэг байв. Түүний хувьд хамгийн гол нь сэтгэл санаагаа тогтмол ажиллуулж, өөрийгөө хөгжүүлж, орчин тойрноо өөрчлөх явдал байжээ. Гүн сэтгэгч Толстой нь өөрийн цаг үеийн соёл иргэншлийн эмзэг асуудлуудыг маш зөвөөр ойлгож, тодорхойлж байсан байна. Түүх болон цаг үеээсээ гарч ирж байсан асуултанд хариулахын тулд тэр Сэргэн мандалтын үеийн гүн ухаанчдын санаа, эртний философчдын шүлэг, Христийн сургааль, ардын мэргэн ухаан зэрэг олон зүйлд хандаж байв. Өөрийнхөө үнэнийг олж авсны дараа Толстой зөвхөн түүний "эзэмшигч" байхыг хүссэнгүй. Түүнийг ойлгохгүй байсан ойр дотны хүмүүс болон улсын зүгээс хийж байсан саад тотгорыг үл тоон өөрийн зовж мэдэж авсан ертөнцийг үзэх үзлээ аль болох олон хүнд тараахыг хүсч байв.
Одоо үед Толстойн уран зохиолын бүтээлүүдийг түүний үзлээс илүүд үздэг боловч цагтаа Толстойн үзэл санаа нийгмийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Wednesday, August 28, 2013

39. Их Карл (Charles the Great)



"Миний үүрэг бол Ариун сүмийг буруу номтнуудаас хамгаалах явдал юм"



Эхний мянган жилийн дунд үед Баруун Ромын эзэнт улс задран унасны дараа газар нутаг дээр нь "зэрлэгүүдийн" хаант улсууд үүсчээ. V зууны төгсгөлөөс эхлэн Франк улсыг Меровингүүд удирдаж байсан бол тэднийг Каролингийнхан бага багаар шахсаар эцэст нь тэднийг ямар ч эрх мэдэлгүй болгосон байна. 768 онд франкийн хаан ширээнд каролингийн хоёр дахь хаан - Их Карл гарч иржээ.
Эцгээсээ өргөн их нутаг дэвсгэр өвлөн авсан Карл нуран унасан Ромын эзэнт улсыг сэргээх зорилго тавьсан байна. Үүний үр дүнд тэрээр одоогийн Герман, Франц, Итали болон зарим нэг улсуудын нутаг дэвсгэрийг нэгтгэжээ. Агуу эзэн хаан, гарамгай удирдагч Карл эртний ёс заншлыг сэргээхийн хажуугаар жинхэнэ франк хүн хэвээр үлдсэн юм. Түүний үйл хэрэг дараа үедээ маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн тул түүнээс европын олон улсууд удам дамжсан хаанаа "Carol" (латинаар Carolus гэдгээс. Жишээ нь оросоор - король) гэж нэрлэсээр иржээ.

Tuesday, August 27, 2013

38. Генрих Шлиман (Heinrich Schliemann)



"Бидний хөдөлмөр хүнд байх тусам агуу зорилгод хүрэх бидний хүсэл илүү удаан хугацаанд хадгалагдах болно"



XVIII-XIX зууны үед европын ихэнх үндэстнүүд өөрсдийн түүхээ сонирхож эхэлсэн байна. Эртний Грекийг Европын соёл иргэншлийн өлгий нутаг гэж үздэг байсан тул Эгейн тэнгисийн эрэг дагуу археологийн малтлагууд явагдаж эхэлжээ. Гэвч эрдэмтэд зөвхөн Грекийн сонгодог үеийн барилгын балгасуудыг л олсон байна. Грекийн үүнээс өмнөх үеийн талаар яригдаж ирсэн зүйлсийг ихэнх эрдэмтэд ямар ч баримт баталгаагүй үлгэр домог гэж үзэж байв. Гэвч Гомерын үлгэрүүдэд гардаг ертөнц жинхэнээсээ байсан юм гэдэгт итгэж, түүнийгээ батлахаар шийдсэн нэг хүн гарч ирсэн байна.
Генрих Шлиман археологийг нас тогтсон хойноо сонирхож эхэлжээ. Энэ герман хүн амьдралынхаа эхний хагасыг бизнес хийж өнгөрөөсөн ба Орос улсад 18 жил болсон байна. Гэвч үйлдвэрийн эзний амьдрал түүнд зориулагдаагүй байв. Тавиад настай байхдаа өөрийн багын мөрөөдөл болох Гомерын бичсэн Трой хотыг олохоор шийджээ. Ямар ч эрдэмтэн ийм зорилгыг өөртөө тавихааргүй байлаа... Сонирхогч Шлиманы хувьд энэ нь бараг биелсэн юм. Түүний олсон соёл иргэншлийн ул мөр нь тэр үед эрдэмтдийн олоод байснаас илүү эртнийх байжээ.

ШУТИС-ийн КТМС-ийн 2013-2014 оны хичээлийн жилийн намрын семестрийн хичээлийн хуваарь (ПХ)





Лаборантаас өнөөдөр авсан хуваарь. Өөрчлөлт орсон байх өндөр магадлалтай. Болгоомжтой хэрэглэнэ үү.

Monday, August 26, 2013

37. Муссолини (Benito Mussolini)



"Би фашизмыг бүтээгээгүй, харин италичуудын дотоод ухамсраас гаргаж ирсэн юм"



1870 онд л итали нэг улс болон нэгдсэн боловч зарим нэг мужууд нь бие даах чадвартайгаа мэдэрсээр байв. Италийн үндсэрхэг үзэл үүсэх хөрс суурь байхгүй байжээ. Хуучин Ромын эзэнт гүрний алдар нэрийг сэргээнэ гэж хэлж гарч ирсэн Бенито Муссолини италийн хувь заяаг огцом өөрчилсөн байна.
Муссолини улс төрд орж ирэхдээ социалист байсан бол дэлхийн нэгдүгээр дайны үед түүний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдсөн байна: тэрээр фашист нам байгуулж, дайны дараах хямралын үед засгийн эрхэнд гарчээ. Фашизмыг үндэслэгч Муссолини италид дарангуйллын дэглэм тогтоож, эртний эзэнт гүрний хүч чадлыг сэргээх бүтэлгүй оролдлого хийсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайнд нацист германы талд орсноор улс орноо ялагдалд хүргэжээ...

2013-2014 оны хичээлийн жилийн намрын улиралд удирдах магистрын сэдвүүд

1. Текстүүдийн семантик төсөөг тооцоолох параллель алгоритм (Parallel algorithm for semantic similarity calculation of texts)
2. Нийгмийн сүлжээн дэх текстийн эерэг, сөрөг утгыг шинжлэх (Contextual polarity of messages in social networks)
3. Телевизийн сувгийн мессеж зарын текстийг галиглахад гарах алдааг багасгах алгоритм (Algorithm for reducing transliteration errors of TV channel text ads)

Friday, August 23, 2013

36. Битлз (The Beatles)



"Амьдралын тухай ертөнцөд ярьж өгөхөөс өөрөөр амьдралын тухай бодох хэрэггүй"



1957 онд Ливерпуль нь Англид Лондоны дараа орох том боомт хот байлаа. Хувь заяа нь хөгжимд дуртай Жон Леннон, Пол Маккартни гэсэн хоёр хүүхдийг энэ хотод уулзуулжээ.
Хэдэн жилийн дараа тэр хоёр дэлхийн алдар нэрийн оргил руу цахилгаан мэт хурднаар гарсан рок хамтлагийн цөм нь болсон байна.
Барууны залуучууд "Битлз"-ийн шинэ хитүүдээр бараг донтож байсан ба дөрвөн гишүүнийг бүгдийг нь шүтэн биширч, даган дуурайх болжээ. Ийм их сонирхол татсан, хагас хориотой зүйл рүү социалист орны залуучууд ч тэмүүлж байв. "Битлз"-ийг шүтэх явдал дорно дахинд, ялангуяа япон улсад ч дэлгэрсэн байна. "Битлз"-ийн нөлөө зөвхөн хөгжмөөр ч зогссонгүй, 1960-аад онд тэд хувцасны загвар, урлагийг үзэх үзэл, зан байдал, амьдралын бүх хэв маягт нөлөөлж байв.
Алдарт рок хамтлаг тарснаас хойш дөчөөд жил өнгөрсөн боловч тэдний тухай дурдатгал мартагдаагүй л байна. "Битлзчүүд"-ийн уран бүтээл шинэ үеийн хөгжимчдөд хүчтэй нөлөө үзүүлсэн хэвээр байна.

Thursday, August 22, 2013

35. Акира Куросава (Akira Kurosawa)



"Мөрөөдөлтэй хүн бол суут хүн юм"



XX зууны эхнээс кино дэлхий даяар хүмүүсийн хамгийн дуртай цаг нөхцөөх зүйл болжээ. Кино үйлдвэрлэлийн том төвүүдийн нэг нь Япон улс байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны үед японд бараг ганц гэгээлэг зүйл нь кино байсан байна. Тэр үед найруулагч Акиро Куросава гарч иржээ.
Куросава бол баруунд хамгийн алдартай японы кино найруулагч юм. Өөрийн цаг үедээ үнэнч түүний ажлуудад японы утга зохиолын агуу уламжлалыг үзэгчдэд материалыг ойлгуулах баруунаас ирсэн олон улсын арга болон орчин үеийн технологитой хослуулсан байдаг. Уг мастерын кинонд реализм, утга уянгын чанар, хүний энэрэнгүй сэтгэл бүгд сүлжилддэг. Куросавагийн гаргасан шинэ аргуудыг сүүлд нь бусад улсын найруулагчид ч авч ашигласан байдаг ба тэдгээр нь дэлхийн өв болсон юм.

Wednesday, August 21, 2013

ADU 310A CDMA модемийг Ubuntu дээр суулгах

Урьд нь тун дажгүй ажиллаж байсан модем маань сим картыг нь солиод хийсэн чинь ажиллахаа байжээ.
http://it.gansukh.com/2009/07/ubuntu-g-mobile.html#comment-form гэх мэт баахан блогоор явж стандарт бус арга хайв. Зарим блог дээр их л мундаг хүмүүс "нэг USB slot-оосоо аваад нөгөө руу нь залга" гэх мэт зөвлөсан байсныг их л бишрэн дагасан боловч болсонгүй. wvdial.conf файлын форматыг харж байгаад өөрийн дураар "бусниулж" орхисон чинь бүр ажиллахаа байчихав.
Аз болоход https://wiki.archlinux.org/index.php/USB_3G_Modem хуудаснаас "First of all use your SIM card in a normal phone and disable the PIN request if present. If the SIM card asks the PIN wvdial won't work." гэсэн шидэт өгүүлбэрийг олж уншив. Зүгээр л SIM-ээ утас руу хийж байгаад PIN-г нь тэглэх ёстой байжээ.

34. Мартин Лютер Кинг (Martin Luther King)



"Бидэнд үзэн ядалтын эсрэг хайр байх ёстой"



Дэлхийн хоёрдугаар дайны дараа америк улс дэлхийн хамгийн хөгжиж байгаа улс болсон байлаа. Гэвч энэ хөгжлийн цаана тус улсын өмнөд хэсэгт хар арьст хүн амыг цэцэрлэгийн сандал болон автобусны сандал дээр сууж болохгүй гэх мэтээр иргэний эрхийг хязгаарласан, арьс өнгөний үзлийн төрөл бүрийн арга хэмжээ цэцэглэж байв. Ийм байдлаас болж эсэргүүцлийн хөдөлгөөн үүсчээ. Негрүүдийг ялгаварлах үзлийн эсрэг тэмцлийн толгойлогч нь Мартил Лютер Кинг байлаа.
Санваартан Кинг Америкт байгаа эрхийн тэгш бус байдалтай хүч хэрэглэлгүйгээр тэмцэж байв. Тэр хар арьст америкчуудыг сэрээж тэдний иргэний эрхийнхээ төлөө хийх тэмцлийн явцад хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Түүнийг цагдаа нар мөрдөж, арьс өнгөний үзэлтнүүд заналхийлж байсан ба эцэст нь дөнгөж 39 насандаа алуулжээ. Гэвч түүний ажил хэрэг үр ашиггүй өнгөрсөнгүй: АНУ-гий орчин үеийн дүр төрхийг бүтээхэд Кинг болон түүний залгамжлагчдын хувь нэмэр багагүй орсон юм.

Tuesday, August 20, 2013

33. Фердинанд Порше (Ferdinand Porsche)



"Бүх юмыг олж болно. Асуудлын гол нь яаж олох вэ гэдэгт байдаг"



Автомашины түүх XIX зууны сүүлчээр Бенц, Даймлер гэх зэрэг инженерүүдийн ачаар эхэлсэн юм. Автомашинууд морь тэргийг зөвхөн XX зууны эхээр л шахан гаргаж эхэлжээ. Энэ үйл явцыг толгойлж байсан хүмүүсийн дунд Фердинанд Порше гэдэг хүн байлаа.
Порше засварын газрын эзний гэрт төрсөн байна. Зохион бүтээгч болсныхоо дараа тэрээр хүн төрөлхтөнд цөөнгүй тооны сайхан машиныг бүтээж өгсөн юм. Порше үнэ багатай, чанартай "ардын машин" бүтээхийн тулд Адольф Гитлертэй хамтрахаар болжээ. Тэрээр "Фольксваген" болон "Порше" маркийн автомашиныг бүтээснээрээ дайны дараах автомашин үйлдвэрлэлийн чигийг гаргаж өгсөн байна.

Monday, August 19, 2013

32. Антони Гауди (Antoni Gaudi)



"Хүн бол бүтээгч биш харин анх олж нээгч юм. Өөрийн шинэ бүтээлд зориулж байгалийн хуулиудыг хайж олж байгаа хүн Бүтээгчид тусалж байна гэсэн үг."



XIX зууны төгсгөлд Испанийн зүүн хойд талд орших түүхэн муж Каталон сүүлд нь "Каталоны дахин сэргэлт" гэж нэрлэгдэх болсон соёлын хүчтэй өөрчлөлтөнд орж байлаа. Түүний хамгийн тод илрэл нь архитектурт илэрсэн ба юуны түрүүнд Антони Гаудигийн бүтээлд гарч ирсэн байна. Бие даасан үзэлтэй уг мастер өөрийгөө каталон хүн гэж үздэг байсан тул Испанийн хаантай ярихдаа хүртэл каталон хэл дээр ярихыг илүүд үздэг байжээ. Иймд түүний нэрийг испаниар "Антонио" гэж дуудах биш каталоноор "Антони" гэж хэлэх нь зөв юм.
Гауди зөвхөн байгалийг ажиглан, түүний хуулиудыг дагах тухай "байгалийн архитектурын" зарчмыг хэрэглэхийг уриалдаг байв. Энэхүү "зөвхөн" нь маш гайхамшигтай хэлбэрээр илэрхийлэгдсэн тул түүний ажлыг хэн ч давтан хийж чадаагүй юм.
Түүнийг нас барснаас хойш 80 жил өнгөрсөн боловч дараа үе нь Гаудигийн эхлүүлсэн хамгийн агуу эхлэл болон Ариун Гэр бүлийн (Sagrada Familia) Сүмийн барилгыг яагаад ч дуусгаж чадаагүй л байна. Харин Барселонд байрлах энэ дуусаагүй сүмийн барилгыг үзэх гэсэн сая сая жуулчдын цуваа тасардаггүй юм.


Sunday, August 18, 2013

Зипфийн хуулийн хэрэглээ

Миний урьдчилсан хамгаалалтан дээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл, соёлын сургуулийн захирал, профессор Т. Төрбатын хэлснээр "Зипфийн хуулийн тогтмолыг Монгол хэлний хувьд тодорхойлсон байна шүү дээ" гэж хэлэхэд их баярлаж билээ.
Зипфийн хууль гэдэг нь энэ талаар судалгаа хийж байгаагүй хүмүүс бол нэг их сонин биш санагддаг юм шиг байсан. Ер нь бол ямар нэг утгатай хэлний хувьд нэг тийм налуу шугам гарах ёстой гэсэн хууль юм.
Харин энэ хуулийг хэрэглэн сонирхолтой үр дүнд хүрсэн судалгааг саяхан олж харлаа.

Нэлээд ухаалаг амьтдад хүмүүс нэр өгөөд түүгээр нь дуудахад таньж хүрч ирдэг. Харин амьтад өөрсдөө бие биендээ нэр өгч ашиглах үзэгдэл далайн гахайнуудын дунд байгааг туршилтаар тодорхойлжээ. Мөн хоёр далайн гахай гурав дахийнхаа нэрийг "хэлж" ярилцдаг болохыг хойд Каролины их сургуулийн судлаачид тогтоосон байна.
Далайн гахайн энэ "хэлний" үгсийн хувьд Зипфийн хуулийн графикийг байгуулахад мөн л налуу шугам гарч байжээ. Утга учиргүй дохионуудын цуглуулгын хувьд энэ муруй налуу шугам гарах ёсгүй юм.

Эх сурвалж: http://www.kp.ru/daily/26109/3005692/

31. Христофор Колумб (Christopher Columbus)



"Миний хувьд амьдрал өөрөө чухал бус харин тэр надад хөвөх боломж олгож байгаа нь л чухал юм"




1492 оны 8 сарын 3-нд хоёр каравел, нэг дөрвөн шурагт хөлгөөс тогтсон баг испанийн Палос-де-ла-Фронтера боомтоос гарчээ. Багийн ахлагч нь генуэгийн Христофор Колумб байлаа. Аяллын зорилго нь баруун зүгт Энэтхэг орох замыг хайж олох явдал байв. Тэд баруун зүгийн замыг олоогүй ба харин оронд нь Америкийг нээжээ.
Колумб Шинэ газар руу дөрвөн удаа очсон ба нас барахдаа хүртэл нээсэн газар нь Ази гэдэгт итгэлтэй байсан байна. Зөвхөн португал болон испанийн далайчдын хийсэн дараад дараагийн аяллаар Колумбын нээсэн газар нь Азиас маш том далайгаар тусгаарлагдсан цоо шинэ тив болохыг баталжээ.
Бид Колумбыг азгүй хүн гэж үзэх үү эсвэл агуу нээлт хийгч гэж нэрлэх үү? Яг үнэндээ бол тэр аль аль нь байжээ. Түүний амьдралын хувьд түүний тооцоо батлагдаагүй, бодож байсан зүйл нь худал байсан тул тэр бүтэлгүйтсэн байна. Гэвч Колумб Шинэ газрыг эзэмших эхлэлийг тавьсан тул энэ нь түүний нээлт болжээ. Түүний том алдаа нь агуу нээлт байж таарсан байна.

Saturday, August 17, 2013

30. Аль Капоне (Al Capone)



"Эелдэг үг болон бууны тусламжтайгаар зөвхөн эелдэг үгнээс илүү үр дүнд хүрч болно"




Цаг үе болгонд ертөнцийг сайн сайхан болгох гэсэн хүмүүс төрдөг боловч тэднээс дутахааргүй ухаантай, авъяастай боловч нийгмийн дутагдал болон сул талыг юу ч бодолгүйгээр өөрийн талд ашиглах гэсэн хүмүүс ч бас төрж байжээ. Тэдгээр эсрэг дүрийн нэг бол америикийн гангстер Аль Капоне юм.

Түүний амьдрал бол америк мөрөөдлийн нөгөө тал нь байлаа. Италийн цагаач байсан бараг ядуу айлаас гаралтай тэр "Чикагогийн хаан" болсон байна. "Хуурай хууль" хэрэгжиж байх үед архи хууль бусаар үйлдвэрлэх болон оруулж ирэх замаар маш их мөнгө олсон тул тэр үеийн томоохон улстөрчид болон сэтгүүлчдийг "жижиглэнгээр болон бөөнөөр" худалдан авчээ. Мэдээж энэ зам нь урт бөгөөд цусанд будагдсан байлаа. Зарлага, гудамжны дээрэмчин, клубын хамгаалагч, сүрдүүлэгч, биеэ үнэлэгчдийн эзэн гэх мэт нь Капонегийн амьдралдаа сольсон "мэргэжлүүдийн" зөвхөн хэсэг нь юм.

Капоне анх хууль бус орлогоо хууль ёсны болгох ажлыг санаачилсан ба харин түүний хийсэн ганц алдаа нь татвар байлаа. Зөвхөн үүнийг нь ашиглан цагдаагийн газар түүнийг торны цаана хийж чадсан байна. Дараа үеийн дээрэмчид түүний "шинэ аргуудыг" ашиглахын хажуугаар татварын асуудлыг мартахгүй байхыг хичээх болжээ.

Thursday, August 15, 2013

29. Пабло Пикассо (Pablo Picasso)



"Би байгалийг дагадаггүй, байгальтай зэрэгцээд юм уу түүнээс түрүүлж явдаг. Зураач хүн байгалийг судлах ёстой ба харин түүнийг зурж байх үед байгаль саад болох ёсгүй."




Пабло Пикассогийн тухай XX зууны бусад зураачдаас илүү их бичсэн байдаг. Түүний бүтээлээс хүн бүр өөртөө ойрхон ямар нэг зүйлийг олж болно. Зарим нэгэнд нь "цэнхэр үеийн" Пикассо таалагддаг бол бусад нь түүний кубист төрлийн бүтээлүүдийг илүү үнэлдэг. Хэн нэг нь "Энхтайвны тагтаа" бүтээлийг хамгийн шилдэг нь гэж үздэг бол өөр нэг хүн "Герникаг", гурав дахь нь "Авиньоны хүүхнүүд" зургийг шилдэг нь гэж үздэг байна. Харин бүгд Пикассог өнгөрсөн зууны санааг илүү бүрэн байдлаар бүтээлдээ тусгасан мастер гэдэгт санал нийлдэг юм.
Энэ агуу хүний бүтээл сэтгэл хөдөлгөсөн эргэлтүүд болон олон утгатай үйл явдлуудаар дүүрэн байдаг. Пикассогийн найз нартайгаа, эмэгтэй хүмүүстэй, хамаатнуудтайгаа яаж харьцаж байсан тухай маш их ярьж, цуу яриа, бодож олсон зүйлээр хэтрүүлсээр байна. Зарим судлаачид түүний чин үнэнч нөхөрлөл, эрч хүчтэй хайр, амьдральд цуцашгүй хайртай байсныг нь магтан дуулдаг бол бусад нь зураачийг сэтгэл зүрхгүй хувиа хичээгч, урлагт өөрийгөө болон түүнтэй хайр сэтгэл болон садан төрлийн холбоотой байсан бүх азгүй хүмүүсийг золиослосон гэж үздэг юм.

"Аассс" гэдэг үгний тухайд

Тун тохитой томоотой хүмүүс байн байн "Тэр чинь ааассс байхгүй юу" гээд байхаар нь юу гэсэн үг юм бол доо гэж таамаглал дэвшүүлж, судалгаа хийгээд барсангүй.

1. Дээр үеийн хүмүүс тул дээр үед гардаг байсан "АСК" буюу "Авхаалжтай Сэргэлэнчүүдийн Клуб" гэдэг нэвтрүүлгийг хэлээд байгаа юм болов уу гэхээр утга нь таардаггүй. Тэгээд ч К үсгийг хаяж хэлнэ гэдэг магадлал багатай. Энэ нэвтрүүлэг миний бодлоор сүүлдээ "Дэвжээ" болоод тэгээд алга болчихсон. Харин ОХУ-д бол "КВН" гээд тасралтгүй явсаар 50 жилээ саяхан хийсэн санагдана.

2. "Ass" буюу англиар их л эвгүй үгтэй бол маш адилхан сонсогдож байгаа юм. Томоотой хүмүүс англи үг хольж хэрэглэх нь байх боловч ийм эвгүй утгатай үгийг хэрэглэх нь юу л бол. Тэгээд ч фейсбүүкийн хоёр мянга орчим "найз" нараасаа асуугаад хэн ч олигтой хариу хэлсэнгүй.

3. Харин санамсаргүй National Geography үзэж байтал оросоор реклам гараад "Асы" гэсэн үгтэй реклам гардаг юм байна. Тэгсэн чинь их л хийдэг зүйлдээ мундаг хүн гэсэн утгатай юм байх. Манай дарга нар юунд гадаад үгс хэрэглэнэ вэ? Магадгүй биднийгээ англи хэл сураг гэж боддог байх л даа.

Wednesday, August 14, 2013

2013-2014 оны хичээлийн жилийн Намрын улиралд удирдах бакалаврын дипломын сэдвүүд

1. Текстийг латинаас кирилл рүү хөрвүүлэх Марковын далд загвар байгуулж ашиглах нь (sw09d007)
2. Салаа утгатай үгийн утгыг тодорхойлох Байесын аргыг монгол текст дээр псевдо үгийн аргаар үнэлэх нь
3. Хамгийн их энтропийн аргаар текстийг агуулгаар ангилах нь
4. Андроид үйлдлийн системтэй гар утсан дээрх монгол ардын хөлөгт тоглоом
5. Тоон гарын үсэг зурах, шалгах програм
6. Програмчлалын олимпиадын засалтыг автоматаар гүйцэтгэх програм (sw09d044)
7. Текстийг латинаас кирилл рүү хөрвүүлэхэд ангилалтын алгоритм ашиглах нь (sw08d422)
8. Лабораторын ангийн компьютерт нэвтрэх оюутны хяналтыг Active Directory ашиглан сайжруулах нь
9. Автобусны рейс шалгах диспетчер програм
10. Хуулбар процес ашигласан програмуудын харилцан үйлчлэлийн загвар

Сонирхсон төгсөх оюутнууд холбоо барина уу.

28. Альфред Хичкок (Alfred Hitchcock)



"Кино гэдэг бол хамгийн уйтгартай хэсгүүдийг нь хассан амьдрал юм."




XX зууны эхээр "хамгийн чухал урлагаар" кино урлаг тодорчээ. Дэлхийн нэгдүгээр дайны дараа кино үйлдвэрлэлийн төв Голливуд руу шилжсэн ба Европ, тэр тусмаа Англи энэ чиглэлд АНУ-гаас хоцорсон байв. Гэвч будант Альбионд төрсөн залуу найруулагч л өөрийн санаа болон түүнийгээ хэрэгжүүлэх аргуудаараа английн кино урлагийг далайн чанад дахь хөршийнхөө хэмжээнд хүргэснээр барахгүй голливудын болон дэлхийн киноны хөгжлийн болон стандартын чиглэлийг олон жилээр тогтоож өгсөн байна.
Альфред Хичкок бага байхаасаа л аймшиг болон сэтгэлзүйн дарамттай сэдвүүдийг сонирхож байжээ. Тэр киногоо үзэгч нь дэлгэц дээр болж байгаа бүх зүйлийг тасралтгүй ажиглан, дараагийн секундэд юу болох бол гэдгийг айж чичрэн таамаглаж байхаар хийдэг байв. Хэдийгээр тэр зүгээр л үзэгчдийн мэдрэлийг гижигдэж зугаацуулдаг гэж хэлдэг боловч үнэндээ бол үзэгчдийн сэтгэлзүйг удирдаач шиг удирддаг байжээ.
Хичкок кино урлагт английн "тодорхойгүй байдал", "түр зогсолт", "түгшүүр" гэсэн үгнээс гаралтай "саспенс" гэж нэрлэгдэх шинэ урсгалыг нэмсэн юм. Эдгээр бүх шинж чанарууд кино найруулагчийн бүтээлд хангалттай их хэмжээгээр байдаг. Анх худалдааны болон цэнгээнийн зорилгоор бүтээсэн түүний кинонууд орчин үеийн кино урлагийн сонгодог бүтээлүүд болсон юм.

Tuesday, August 13, 2013

27. Ах дүү Гримм (Brothers Grimm)



"Нар гэрэлтэж, дээврээс дуслах ус шиг ар араасаа хөврөх өдрүүд маань дуусаагүй байгаа цагт бидний хөдөлмөр үргэлжилсээр байх болно"




XIX зууны эхэнд герман улс тус тусдаа тусгаар тогтнолынхоо төлөө бүх хүчээрээ тэмцэлдсэн үхрийн бөөр шиг олон жижиг, маш жижиг улсуудаас бүрдэж байв. Ийм нөхцөлд нэгдсэн нэг герман улсыг байгуулах асуудал бүтэшгүй мэт санагдаж байлаа. Улсаа "зэвсэг болон цусаар" нэгтгэхийг хүсээгүй эх орончдын хувьд зөвхөн үндэстний ерөнхий соёлын өвүүд дээр тулгуурлах арга л үлдэж байв. Тэдгээрийн тоонд ардын үлгэр, домог болон герман хэл өөрөө орж байсан байна. Тэдгээрийн судалгаа нь ах дүү Гриммийг алдартай болгожээ. Тэдний хэвлүүлсэн үлгэрүүд нь тарж бутарсан орны хувьд зөвхөн соёлын бус харин нийгмийн амьдралд мэдэгдэхүйц үйл явдал болсон байна.
Соёлыг ашиглан улс орныг нэгтгэх гэсэн найдлага талаар болжээ. Германыг зэвсгээр нэгтгэсэн байна. Харин ах дүү Гриммийн гавъяаг хойч үе нь зохих ёсоор үнэлжээ. Тэдний нэр германы авъяастнуудаар баялаг XIX зууны соёлын бэлэг тэмдэг болсон байна.

Monday, August 12, 2013

Android утсан дээрх "Long press" буюу "Удаан дарах" үйлдэл

Ухаалаг утас авсан зарим хүмүүс ухаад ухаад мессэжээ яаж өөр хүн руу явуулахыг (sms forward) меню дотроосоо хайгаад олохгүй байгаа харагддаг. Тэгээд болохгүй болохоор нь хуучин аргаа хэрэглэн текстээ дахин шивэх ч юм уу, арай ухаалаг утсандаа илүү гарамгай нь copy&paste үйлдэл ашигладаг.
Хүнээс ирсэн чухал мессэжийг олон хүнд явуулахад copy&paste арай л тохиромжгүй нь ойлгомжтой.Зарим нь бүр андроид үйлдлийн системтэй утсан дээр Forward гэж үйлдэл байдаггүй юм байна гээд утсаа худалдаж авсандаа бага зэрэг харамсаад авдаг.
"Хийморьтойд" нь харагддаг тэр "Forward" гэсэн командыг гаргаж ирэхийн тулд тухайн хүнээс ирсэн мессеж дээрээ удаан дарахад л хангалттай юм.

Thursday, August 8, 2013

Kindle Keyboard - ийн үсгийн хэмжээ

A4 хуудасны хэмжээтэй файлыг pdf болгоод киндл дээр уншина гэвэл микроскопон нүдтэй байх хэрэгтэй биз ээ. Харин яг киндлд таарсан хэмжээтэй болгоно гэвэл доорх тохиргоог ашиглаарай:

Фонт: Times New Roman
Фонтны хэмжээ: 12
Хуудсын өргөн: 8.5 см (3.35 инч)
Хуудсын өндөр: 11.4 см (4.49 инч)
Дээр, доор, баруун, зүүнээс авах зай: 1 мм (0.04 инч)

Жишээ болгон "Зуун жилийн ганцаардал" болон "Далайн хөвөөн дэх алаг хав толгой" номнуудыг оруулав.

26. Будда (Buddha)



"Буянтай хүмүүс алсаас Гималайн уулс шиг харагддаг бол нүгэлтэй хүмүүс шөнөөр харвасан сум шиг дэргэд ирсэн ч харагддаггүй"


(566?-486?)



Сиддхарта Гаутама нь хойд энэтхэгийн Шакья хаант улсын хаанхүү байжээ. Тэрээр гарамгай удирдагч болж болох байсан боловч энэ ертөнц дээр хажууд нь амьдралын бүх баяр баясгалан унтармаар их зовлон байгааг олж хараад эрх мэдэл, хөрөнгөнөөсөө татгалзан энгийн даяанч болон үнэний эрэлд гарсан байна. Мару чөтгөрийг ялсныхаа дараа агуу Будда болжээ. Дараа нь хүмүүст Дөрвөн үнэнийг сургахаар ертөнцөд буцан ирсэн байна. Түүнийг Шакьямуни (Шакьягийн мэргэн), Бхагавата (Үнэнийг өгүүлэгч), Татхагата (Тийн одсон), Сугата (Буянд одсон) болон Жин (Ялгуулсан) гэж нэрлэдэг.
Амьд байхдаа Гаутама Будда өөрийн үгсийг бичихийг хориглодог байсан байна. Зөвхөн насан өөд болохынхоо өмнө шавь нартаа дараа үед зориулан бичихийг зөвшөөрчээ. Гэхдээ зөвхөн зөв замаар, үнэн рүү тэмүүлж буй хүн л түүний шавь байх болно гэдгийг анхааруулсан байна.
Бүрэн гэгээрсэн түүнийг энэ ертөнцийг орхисны дараа түүний сургаал шашин болжээ. Хүмүүс түүнд зориулан маш олон сайхан сүм, дуган, хөшөө дурсгалыг барьж мөргөх болсон байна. Гэвч хүмүүс түүний ямар нэг ёс заншил, зан үйлийн эсрэг байсныг мартжээ.