Thursday, June 19, 2014

67. Ричард Никсон (Richard Nixon)



"Та эрсдлээс зайлсхийдэг бол алдахгүй байж чадна. Гэхдээ эрсдлээс зайлсхийснээрээ та амжилтанд хүрч чадахгүй"



XX зууны сүүлийн хагас гэхэд Америкийн Нэгдсэн Улс дэлхийн хүчирхэг гүрэн болсон тул энэ улсын тэргүүний үүргийг гүйцэтгэж байгаа хүний шийдвэр нь дэлхий дээрх сая сая хүний хувь заяанд гүнзгий нөлөө үзүүлж байлаа.
Тэдний нэг нь Ричард Никсон байсан юм. Тэрээр 1968 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан ба түүнээс хойш Вьетнамд болж байсан үр дүнгүй, хүч барагдуулсан, удаан хугацаанд үргэлжилсэн дайны улмаас эдийн засгийн болон улстөрийн байдал нь хурцадсан энэ агуу том улсыг таван жил хагасын турш удирджээ.
Улстөрийн гал, усыг бүгдийг нь туулж үзсэн туршлагатай хүнийхээ хувьд Никсон өөрийн үйл хэрэгтээ цэвэр практик ач холбогдлыг баримталсан талыг барьдаг байв. Үүнийхээ ачаар тэрээр Хятад болон ЗХУ-тай улстөрийн харилцаагаа сэргээж, "олон улсын төвөгтэй байдлыг намжаадаг архитекторуудын" нэг болсноос гадна Вьетнам дахь дайныг зогсоож чадсан юм.
Гэвч "Уотергэйтийн хэрэг" дээр хэт шулуун бодлого баримталснаас болж хугацаанаасаа өмнө огцорсон байна.

Wednesday, June 18, 2014

66. Шарль де Голль (Charles de Gaulle)



"Франц улс юу гэж бодож байгааг мэдэх хэрэгтэй үед би энэ асуултыг өөрөөсөө асуусан"



Дэлхийн хоёрдугаар дайны үед, эзлэгдэн суларсан Франц улсад хүчтэй, олны сэтгэлийг татсан, хүмүүст фашизмаас ангижрах найдварыг өгч чадах хүн хэрэгтэй байх үед эх орондоо туслахаар Шарль де Голль гарч иржээ. Францчууд одоог хүртэл түүнийг эх орноо аврагч гэж үзэн зүгээр л "генерал де Голль" гэж дууддаг байна. Үр дүнд нь хайрт Франц орныхоо ерөнхийлөгч болсон тэрээр Алжирийн тусгаар тогтнолын хүнд асуудлыг тууштайгаар шийдэрлэхдээ амиараа өдөр бүр дэнчин тавьж байжээ.
Ерөнхийлөгч Шарль де Голлийн эх оронч байдал нь түүний гадаад болон дотоод бодлого, Францын байдлыг бэхжүүлэн, улсдаа өмнөх үеийн сүр хүчийг нь авчирч, францын ард түмэнд өөрийн орноороо бахархах боломжтой болгох хүсэл гэх мэт бүх зүйлээр илэрч байлаа. Ийм зарчимч хүнд мэдээжээр олон дайсан байсан боловч де Голль өөрийн нугаршгүй чин зориг, тэвчээрийнхээ ачаар бэрхшээлийг даван туулж үргэлж урагш ахихыг хичээдэг байжээ.

65. Фeдор Достоевский (Fyodor Dostoyevsky)



"Гол санаагүйгээр хүн ч, үндэстэн ч оршин тогтнох боломжгүй юм. Харин дэлхий дээр ганцхан л гол санаа байдаг нь хүний сэтгэл санаа үхэшгүй мөнх байдаг тухай санаа юм."



Оросын сонгодог утга зохиол тус бүрийг эрдэмтэд дэлгэрэнгүй судлаж, агуулгыг нь үнэлээд нарийн ангилж, номын тавиурууд дээр өрчихсөн билээ. Эдгээр тавиурууд хэд хэдэн давхраас тогтох ба хамгийн дээд талын тавиур дээр "агуу" гэж нэрлэгдэх хүмүүсийн бүтээл байрладаг. Энд хэдхэн бүтээл л байгаа. Федор Михайлович Достоевский бол энэ тавиур дээр байрлах бүрэн эрхтэй зохиолчдын нэг юм.
Гэвч тэрээр энэ тавиур дээр үргэлж байсангүй. Тавин жилийн өмнө зөвлөлтийн утга зохиол судлаачид Достоевскийн бүтээлүүдийн дэлхийн түвшнийх гэдгийг хүлээн зөвшөөрөлгүйгээр түүнийг "хуучирсан", олон зүйлийг "ойлгодоггүй", жинхэнэ мөн чанарыг болон нийгмийн эволюцийн чиглэлийг авч үздэггүй зохиолчдын тоонд оруулсаар байв. Цаг хугацаа бүх зүйлийг зөв байранд нь оруулсан боловч Достоевскийн өвийг "дунд сургуулийн" музей хэлбэртэй болгосноор түүний уран сайхны ертөнцийн мөн чанарыг хүчтэй гажуудуулж, зохиолчийг музейн "үзмэр" болгосоор байна. Гэвч XXI зууны эхэнд ч гэсэн Достоевскийг мартаагүй л байгаа юм. Тэрээр олон зүйлийг зөгнөж, тааж, урьдчилан хэлсэн. Түүний зарим үгс гайхалтайгаар биелсэн ба бусад нь өөрийн цагаа хүлээсээр байна.

Monday, June 16, 2014

64. Саладин (Saladin)



"Намайг ойлгох гэсэн хүн цэцэн хүний ухааныг эзэмшсэн байх ёстой"



XI зууны сүүлээр загалмайтны аян дайны үе эхэлсэн байна. Баруун европын хүлэг баатрууд Ромын Пап ламын уриалгаар Палестин руу ирсээр байв. 1099 онд тэд Иерусалимыг эзлэн, лалын шашинтнуудаас Ариун Булшийг буцаан авчээ.
Гэвч наян найман жилийн дараа лалын шашинтнууд загалмайтнуудыг Ариун газраас хөөж чадсан байна.
Тэднийг Сири, Египтийн эзэн, султан Саладин толгойлж байв. Загалмайтнууд түүнээс айдаг байсан бол лалын шашинтнууд хүндэтгэдэг байжээ. Тэр сайн үйлс бүтээхийг хичээдэг байсан ба өөрийн гайхалтай амьдралын турш энгийн байдлыг эрхэмлэж байжээ. Бидэнд энэ сайн хүний тухай үлгэр домгийг үе дамжин ярьсаар ирсэн юм.

Sunday, June 15, 2014

63. Чарльз Линдберг (Charles Lindbergh)



"Тэнгэр, нислэг, адал явдалд яаж дурладгийг үгээр бичих аргагүй юм. Агаарт амьдрал үхэл хоёр ижил магадлалтай байдаг бол харин хүний боломж хязгааргүй юм"



Ах дүү Райтын аэропланаар хийсэн анхны нислэгээс хорин дөрвөн жилийн дараа, 1927 оны таван сарын нэгэн өглөө хэний ч танил бус нэгэн америк хүн Чарльз Линдберг "Spirit of St.Louis" жижиг онгоцоор Нью-Йоркоос францийн нийслэл орохоор Атлантын далайн хаа нэгтэй сураггүй болж дуусч мэдэх аялалдаа гарсан байна. Энэ гавъяаныхаа дараа Линдбергийн нэр дэлхий дахинд алдаршжээ...

Thursday, June 12, 2014

62. Николай Коперник (Nicolaus Copernicus)



"Эрдэмтэн үнэнийг хайхдаа Бурхнаас хүний оюун ухаанд олгосон боломжийн хүрээнд хайдаг"



Европын дахин сэргэлтийн үед өмнө нь тогтсон байсан төсөөллүүдийг няцаасан шинжлэх ухааны олон нээлтүүд гарсан. Эдгээрийн нэг нь польшийн эрдэмтэн Николай Коперникийн дэвшүүлсэн, эрт дээр үеэс хүмүүсийн бодож байсны эсрэгээр Дэлхий Нарыг тойрч эргэдэг гэдгийг харуулсан гелиоцентрийн онол юм.
Шинэ таамаглалын хувь заяа амаргүй байжээ. Эхний үед түүнийг хангалттай сайнаар хүлээн авцгаасан боловч хэдэн арван жилийн дараа католик сүм түүнийг буруу номлол гэж зарласан байна. Түүнээс хойш гелиоцентрийг дэмжигчдийг буруу номтон гэж үзэн эрүү шүүлт тулгах болжээ.
Николай Коперник өөрөө лам бөгөөд жинхэнэ католик шашинтан байлаа. Өөрийн Ертөнцийн загварыг байгуулснаар Сүмтэй зөрчилд орж байсан тул тэрээр итгэл үнэмшил болон шинжлэх ухааны хооронд "алтан дунджийг" олохыг хичээж байв. Түүний хувьд тэр хоёрын аль аль нь ижилхэн чухал зүйл байлаа.

Wednesday, June 11, 2014

61. Ататюрк (Mustafa Kemal Ataturk)



"Миний нэр хүнд болон алдар нэр бол зөвхөн миний ард түмний алдар нэр ба нэр төр юм."



XIX зууны эцэст нэгэн цагт агуу том, сүр жавхлантай байсан туркийн султануудын улс - Османы эзэнт гүрэн хүнд үеээ туулж байлаа. Тарж бутрах аюул тулгараад байсан энэ улсыг авъяаслаг цэргийн стратегич, улстөрч Мустафа Кемаль Ататюркийн хүч хөдөлмөрийн үр дүнд тусгаар тогтнолоо хадгалан үлдэж чадсан байна. Чөлөөт Турк улсын анхны ерөнхийлөгч болсныхоо дараа Ататюрк туркийн армийг хүчирхэгжүүлж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрхийг тэгшитгэн, шинээр латин цагаан толгойг нэвтрүүлэх гэх мэт тэр үедээ онцгойд тооцогдож байсан хэд хэдэн шинэчлэлүүдийг зоригтойгоор хийсэн юм. Шинэчлэгчийн хэлэх дуртай үг нь "Бидэнд ганц л зам бий. Тэр бол Европ" байв. Ататюрк өөрийн орны ёс заншлыг хадгалсан бөгөөд бараг Европын гэмээр иргэний нийгмийг байгуулж чадсан байна. Эдгээр өөрчлөлтүүдийг хийхэд хялбар байсангүй. Кемалийн бодлого нь ийм эрс өөрчлөлтүүдийг улсдаа сайн зүйл авчрахгүй гэж үздэг түүнийг эсэргүүцэгчид болон дайснуудын зүгээс шийдвэртэй эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Гэвч Ататюрк зоригтой, бие даасан хэвээр байсан ба өөрийн сонгож авсан замыг цорын ганц хэмээн үзэж түүн дээрээ баттай зогсчээ.