Tuesday, June 2, 2009

Програмчлах дадлага (CS211) хичээлийн удирдамж

Батлав. КтМС-ийн захирал Б.Очирбат
2009-04-14

“Програмчлах дадлага” хичээлийн
УДИРДАМЖ
Хичээлийн зорилго
Програм хангамж, мэдээллийн систем мэргэжлээр сурч байгаа оюутнуудад “Програмчлалын үндэс” хичээлээр олж авсан мэдлэгтээ тулгуурлан математик, логик сэтгэлгээний доод, дунд түвшний бодлогын алгоритмыг боловсруулж програмчлалын процедур хэл дээр програм бичиж, зүгшрүүлэх ажлыг бие даан гүйцэтгэх чадвар олгоход хичээлийн зорилго оршино.
Хичээл сонголт, хугацаа
- Дадлагын хичээлийг “Програмчлалын үндэс” хичээлийг амжилттай үзэж судалсан оюутнууд сонгох эрхтэй.
- Дадлагын хичээл ШУТИС-ийн сургалтын ерөнхий хуанлийн дагуу зуны улиралд явагдана.
Хичээлийн зохион байгуулалт
- Дадлагын хичээлийг тусгайлан томилогдсон багш удирдан зохион байгуулна. Хичээлд хамрагдсан оюутны тооноос хамаарч хэд хэдэн багш удирдаж болно.
- Дадлагыг оюутан хувийнхаа болон сургуулийн лабораторын компьютер ашиглан явуулна.
- Сургуулийн лабораторийг ашиглахдаа зуны улирлын хичээлийн хуваарийг баримтлана.
- Дадлагажигч оюутан ямар цагт лабораторт ажиллахаа дадлагын эхэнд удирдагч багштайгаа харилцан тохиролцож бүртгүүлсэн байна.
- Оюутан хэдийгээр өөрийн хувийн компьютер дээр дадлагын ажил, даалгаварыг гүйцэтгэж болох ч долоо хоногт 1-ээс доошгүй удаа удирдагч багштай уулзаж, зөвлөгөө авч, ажлын явцаа шалгуулна.
- Дадлагын хичээлийн эхэнд оюутан бүрт дадлагын даалгавар – програмчлах бодлогыг хуваарилах ба оюутан энэхүү удирдамжийн дагуу түүнийг хийж гүйцэтгэнэ.
Хичээлийн үлгэрчилсэн төлөвлөгөө
ШУТИС-д одоо мөрдөж байгаа журмын дагуу зуны улирал 1 сар буюу 4 долоо хоног үргэлжилдэг. Иймд дадлагын хичээлийг дараах төлөвлөгөөний дугуу явуулна. Үүнд:
- 1-р долоо хоног: Дадлагын даалгавар – бодлогыг багшаас авах, багштайгаа ажиллах цагийн хуваарийг тогтох, дадлагын хичээлийн анхны зааварчлагаа, зөвлөгөөг авах, бодлогын алгоритмын сонголтыг хийх
- 2-р долоо хоног: Програмчлах орчноо сонгох, судлан эзэмших, алгоритмын дагуу програмын код бичих
- 3-р долоо хоног: Бичсэн програмын кодоо зүгшрүүлэх, турших, сайжруулах
- 4-р долоо хоног: Дадлагын тайлан бичих, хамгаалах. Тайланд оногдсон бодлогын тодорхойлолт, шийдэх аргууд, тэдгээрийн харьцуулалт, сонгосон аргын алгоритм, дэлгэрэнгүй тайлбар оруулссан програмын эх код, ашигласан материалын жагсаалт зэргийг тусгасан байна.
Үнэлгээ
Дадлагын хичээл нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн хувьд оюутны мэдлэгийг үнэлэх системийн дагуу үнэлэгдэх ёстой. Гэхдээ танхимд үздэг онолын хичээлээс ялгаатай нь 70 + 30 оноо гэж задрахгүйгээр удирдсан багшийн шалгуураар 100 хүртэл оноогоор үнэлэгдэнэ. Үнэлгээг гаргахдаа багш оюутны идэвхи, цаг ашиглалт, бодлогын шийдэл, програмын зохиомж, тайлангийн чанар зэргийг харгалзана.

No comments: